Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren
d.adiya0122@gmail.com

Мандалговь, 2026 оны 11 дүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн хоёр хоршооны төслийн хэрэгжих боломж, санхүүгийн чадавх, үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөлд нарийвчилсан үнэлгээ хийлээ.
Тодруулбал, “Цогт туухайт” хоршоо хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр, “Далайн баялаг төгөл” хоршоо малын тэжээл үйлдвэрлэл, мах боловсруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тус бүр 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүссэн байна.
Төслүүдийн урьдчилсан үнэлгээний дараагийн шатны нарийвчилсан судалгааг сумын Засаг даргын 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн А/201 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэжээ.
Ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр төслүүд хэрэгжих байршилд ажиллаж, хоршоодын үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, ажлын байр, үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна.
Энэ үеэр төслийн хэрэгжих боломж, шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдийн хангамж, хүний нөөц, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эрэлт, санхүүгийн тооцоо, зээл эргэн төлөх чадвар болон барьцаа хөрөнгийн мэдээллийг холбогдох баримт, материалд үндэслэн судалж, үнэлгээ хийжээ.
Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл нь орон нутгийн иргэдийн хоршооллын үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг орон нутагтаа боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэдэг.
Тус сангийн санхүүжилтээр хоршоод үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажлын байр бий болгох, гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах боломж бүрддэг.
Түүнчлэн малын тэжээл үйлдвэрлэл, мах боловсруулах, хагас эрчимжсэн мал аж ахуйн төслүүд хэрэгжсэнээр малчдын түүхий эдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн эргэлтийг сайжруулах ач холбогдолтой юм.
Ийнхүү төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байгаа нь сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зээлийн эргэн төлөлтийг хангах, орон нутгийн үйлдвэрлэл, хоршооллын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байна.