Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БРЮССЕЛЬ, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /Euronews/. Хиймэл оюун ухааны боловсролын гэрчилгээг /сертификат/ 15 настай сурагчдад олгохоор Европын Холбоо төлөвлөж байна. Энэ бол хиймэл оюуны эрчимтэй хөгжилд дасан зохицоход нь сурагчдад туслах зорилготой санаачилга юм.
Хиймэл оюун хэрхэн ажилладаг болохыг ойлгож мэдэх, түүнээс хүлээн авсан мэдээллийг нягталж сурах, бусдын далд нөлөөлөл, хууран мэхлэлтийг илрүүлэн таньж мэдэхэд нь энэхүү гэрчилгээ тусална гэж Европын комиссын дэд ерөнхийлөгч Роксана Минцату ярьж байна.
15 настай сурагчдад зориулсан гэрчилгээг 2027-2028 оны хичээлийн жилд олгож эхлэхээр төлөвлөж байна. Сургуулиудад хиймэл оюуныг ашигласнаас үүдэлтэй асуудлуудтай багш сурагчдын аль аль тулгараад буй энэ үед уг төслийг хэрэгжүүлэх гэж байна.
PISA 2025 судалгаагаар өсвөр насныхны суурь мэдлэг улам суларсаар байгаа бөгөөд 15 настай гурван сурагч бүрийн нэг нь тоо бодох, унших чадвар муутай байна. Иймээс хиймэл оюуныг ашиглан сургалтын чанарыг сайжруулах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Хэдийгээр ЕХ гишүүн орнуудынхаа боловсролын салбарын бодлогыг хянадаггүй боловч сургалтад хиймэл оюуны эрсдэлгүйгээр ашиглахад чиглэсэн хүчин чармайлтыг нь дэмжиж байна.
Үүний зэрэгцээ өсвөр насныхны нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахад чиглэсэн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох бодлогыг ЕХ баримталж байгаа юм. Хиймэл оюуныг ашиглахыг дэмжих болон нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлах нь хоорондоо харшлахгүй бөгөөд хиймэл оюун нь ганцаарчилсан сургалт явуулах зэрэг үйл явцыг чанаржуулах ач холбогдолтой гэж Европын комиссын дэд ерөнхийлөгч үзэж байна.