Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн Хамтарсан кредит олгох механизмын түнш орнуудын уулзалтад оролцож, олон улсын карбон зах зээлийн хамтын ажиллагаанд манай улсын хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, ололт амжилт, зорилтыг танилцуулж, байр сууриа илэрхийлэв.
Япон Улсын Засгийн газраас зохион байгуулсан уулзалт нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын хүрээнд БНТУ-ын Анталья хотноо энэ сарын 17-нд болсон юм. Уулзалтад Япон, БНЭУ, Монгол, Оман, Палау, Украин зэрэг улсын сайд, өндөр түвшний төлөөлөгч оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, олон улсын карбон зах зээлийн хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцлээ.
М.Намхайринчэн энэ үеэр Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл нь карбон зах зээлийн механизм төдийгүй уур амьсгалын санхүүжилтийг татах, технологийн дамжуулалтыг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хэрэгсэл болохыг онцлоод, “Монгол Улс энэ оны 7 дугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталж, карбон зах зээл, уур амьсгалын санхүүжилт, хүлэмжийн хийн менежмент, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн суурийг тавьж, холбогдох журам, аргачлал, институцийн тогтолцоог бүрдүүлж байгаа”-г танилцуулсан юм.
Монгол Улс 2013 онд Япон Улсын Хамтарсан кредит олгох механизмын анхны түнш орон болж, сэргээгдэх эрчим хүч, түүний үр ашгийг нэмэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжин, үндэсний чадавхыг бэхжүүлж ирснийг БОУАӨЯ мэдээллээ.
Манай улс цаашид Япон Улстай тогтоосон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, БНСУ, Сингапур, Швейцар улстай карбон зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах, технологи дамжуулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах боломжтой. Мөн Монгол Улсын Үндэсний хувь нэмрийг дэмжих, байгаль орчны бүрэн бүтэн, ил тод байдлыг хангах, давхар тооцооллоос сэргийлэх зөвшөөрөл олгох, бүртгэх, тайлагнах, харгалзах тохируулга хийх тогтолцоо бүрдүүлж, олон улсын итгэл хүлээсэн, найдвартай карбон зах зээлийг хөгжүүлэх байр сууриа илэрхийллээ.
Карбон буюу нүүрстөрөгчийн зах зээл нь хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор нүүрстөрөгчийн кредит, ялгарлын зөвшөөрлийг худалдан авч, борлуулдаг эдийн засгийн механизм юм.