Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт эртний хүмүүсийн амьдрал, нүүдэлчин соёл, зан заншлыг илтгэх олон төрлийн археологийн дурсгал бий. Тэдгээрийн нэг нь Эрдэнэ сумын нутагт оршдог Үхэр чулуутын хөндийн хүн чулуу, тахилын байгууламж юм.
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран 2009-2014 онд хэрэгжүүлсэн “Соёлын өвийг судалж, хамгаалах” төслийн хүрээнд тус аймгийн нутагт археологийн хайгуул, судалгаа хийжээ. Судалгааны дүнд булш, хиргисүүр, хөшөө чулуу, буган чулуун хөшөө, хүн чулуу, хадны зураг зэрэг нийт 4951 дурсгалыг шинээр илрүүлж, баримтжуулан бүртгэсэн байна.
Үхэр чулуутын хөндийн дурсгал нь дөрвөлжин хэлбэртэй тахилын байгууламжтай бөгөөд төв хэсэгт нь урагш 45 градус хазайсан хөшөө чулуу байрлуулжээ. Харин байгууламжийн зүүн талын хашлага чулуунд хүн чулуу налуулан тавьсан байна.
Уг хүн чулууны толгойг бөөрөнхий хэлбэртэй зассан боловч нүд, хамар, гар зэрэг хүний биеийн хэсгийг дүрслээгүй нь онцлог юм. Хүн чулуу нь 105 см өндөр, 27 см өргөн, 13 см зузаантай.
Мөн байгууламжийн зүүн талын хашлага чулуун дээр гурван янгирын дүрсийг толгойг нь доош харуулан сийлжээ. Төв хэсгийн хөшөө чулуу 228 см өндөр, 57 см өргөн, 6 см зузаан бол тахилын байгууламжийн хэмжээ 270 × 270 см байна.
Үхэр чулуутын хөндийн хүн чулуу, тахилын байгууламж нь эртний хүмүүсийн зан үйл, дүрслэх урлагийн онцлогийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой археологийн дурсгалын нэг юм.