Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ШЭНЬЖЭН, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалт Шэньжэн хотын баруун хойд хэсгийн толгод дунд, нуурын эрэгт орших төрийн дээд зэрэглэлийн амралтын цогцолборын “Цилинь” (Qilin Shanzhuang) харшид боллоо.
Уулзалтын эхэнд Д.Трамп хэлэлцээ үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Ши Жиньпинийг найзаа хэмээн нэрлээд, хоёр улсын удирдагчийг “онцгой харилцаа” холбодог гэж мэдэгджээ.
Түүнчлэн энэ оны тавдугаар сард Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын удирдагчдын байгуулахаар тохиролцсон Худалдааны зөвлөл нь хоёр талын “нэг тал руу хэт хэлбийсэн худалдааны харилцааг харьцангуй тэнцвэржүүлсэн” гэж Д.Трамп онцлоод “Бид гаалийн тарифыг харилцан хуваарилж, маш шударгаар шийдвэрлэсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Харин Ши Жиньпин уулалтын эхэнд хэлэхдээ, АНУ, БНХАУ-ын харилцаа ерөнхийдөө тогтвортой, сайжирч байгааг онцлоод, харилцаагаа “зөв голдиролд” оруулахын тулд Д.Трамптай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
“Бид стратегийн тогтвортой байдалд тулгуурласан Хятад, Америкийн бүтээлч харилцааны шинэ тодорхойлолтыг боловсруулж, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай, шударга байх зарчимд суурилсан шинэ агуулгаар баяжууллаа” хэмээн Ши Жиньпин мэдэгдэв.
Хоёр улсын удирдагчдын уулзалт нэг цаг гаруй үргэлжилсэн байна.
Ши Жиньпин, Д.Трамп нар энэ онд гурав дахь удаагаа биечлэн уулзсан нь энэ юм. Өмнө нь тэд тавдугаар сард Бээжинд, есдүгээр сард Вашингтон хотноо уулзсан билээ.
Хэлэлцээ хийх үеэрээ хоёр удирдагч хиймэл оюуны дэвшилтэт чипийг Хятадад нийлүүлэхэд АНУ-аас тавьсан хязгаарлалт, чухал ашигт малтмалын экспортод тавьж буй Хятадын хяналтад онцгой анхаарал хандуулсан байна.
Мөн хэд хэдэн удаа сунгаад буй худалдааны түр тохиролцооны хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусах тул энэ асуудал хэлэлцээний чухал сэдвүүдийн нэг байв.
Уулзалт болохоос нэг өдрийн өмнө буюу лхагва гарагт Д.Трампыг БНХАУ-д ёслол төгөлдөр угтан авсан байна. Ши Жиньпин өөрийн биеэр нисэх онгоцны буудалд очиж, АНУ-ын Ерөнхийлөгчийг угтжээ. Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын удирдагчаар сонгогдсоноос хойш гадаад улсын удирдагчийг нисэх онгоцны буудалд анх удаагаа биечлэн угтсан байна.
Угтах ёслолын үеэр хүндэт харуул жагсаж, цэргийн нисэх онгоцууд агаарт үзүүлбэр үзүүлжээ. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын удирдагчийг АНУ-д төрийн айлчлал хийхэд Д.Трамп Эндрюсийн цэргийн баазад ёслол төгөлдөр угтсаны хариу болсон байна.
Хоёр талын уулзалтыг Ши Жиньпин, Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын гурван талын уулзалтын өмнө боллоо. Д. Трамп, В.Путин нар мөн Шэньжэн хотод хэлэлцээ хийсэн байна.