Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, тус хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний нэр хүндэд халдсан мэдээлэл удаа дараа гарсантай холбогдуулан, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтны хувьд гүтгэлэг зохион байгуулж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Монгол Улсын төрийн тэргүүний нэр төрийг сэргээлгэх зорилгоор өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч буйгаа энэ сарын 17-нд албан ёсоор мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг УИХ дахь намуудын бүлэг, УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хэлэлцэн дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураалтаар уг хуралдаан өндөрлөсөн.
УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж, Ж.Чинбүрэн, С.Цэнгүүн, Д.Батлут нарын зэрэг УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан, үндэслэлийг тодруулж, асуулт асууж хариулт авсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариултдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмэн, улс орны аюулгүй байдал, гадаад ертөнцөд Монгол Улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг. Сүүлийн хэдэн сард гэмт бүлэглэлүүд гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд цацах болсон. Үүнээс улбаатай надад нэг сонголт үлдсэн нь төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх явдал юм” гэсэн тайлбарыг өгч байв.
Мөн үг хэлсэн гишүүдийн хувьд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь ёс зүйн шинэ жишиг бий болгож байгааг тодотгоод, бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцаа, батлан хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт үр дүнтэй ажилласныг онцолж байлаа. Түүнчлэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр зэргийг санаачлан хэрэгжүүлсэн нь бодит ажил хэрэг болсныг тэмдэглээд, монгол хүн баялагтаа эзэн байх суурь хөрсийг бүрдүүлсэн хэмээв.
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болдог. Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусахаар тусгасан байдаг. Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг УИХ өнөөдөр ийнхүү хэлэлцэн шийдвэрлэснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна.
Нэгэнт Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон тул түүний албыг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлнэ. Энэ нь зарим улсынх шиг парламентын дарга нь тангараг өргөж, Ерөнхийлөгч болно гэсэн үг биш. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ чуулганы хуралдаанаараа тухай бүрд нь хэлэлцэж шийдвэрээ гаргах юм.
УИХ-ын дарга шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” гэж гарын үсэг зурна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхээ давхар хэрэгжүүлэх юм.
УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг ёсоор болгож, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулах хуулийн зохицуулалттай.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш ажлын 20 өдрийн дотор сонгуулийн товыг зарлана. Тэгэхдээ УИХ сонгуулийг 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах аж.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоох сонгуулийн тов нь зарлах өдрөөс 70-аас доошгүй хоногийн дараа Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос хойш 4 сарын дотор багтана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөсөн юм. У.Хүрэлсүх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6 жилийн хугацаатай сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй мөн анхны тохиолдол болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбат 1990–1997 онд, Н.Багабанди 1997–2005 онд, Н.Энхбаяр 2005–2009 онд, Ц.Элбэгдорж 2009–2017 онд, Х.Баттулга 2017–2021 онд тус тус ажилласан түүхтэй.