Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ойг угтан Монгол улсын 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй өсвөр үе, залуучуудад эх орон, түүх, соёлоо дээдлэх, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлуулах зорилготой Монгол улсын иргэний андгай өргөх ёслол аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Иргэний андгай өргөх ёслолыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэний үнэмлэхээ гардан авч буй 350 орчим 16 настан оролцлоо.
Ёслолоор өсвөр үеийнхний төлөөлөл Монгол улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэх, батламжаа гардан авсан бол, зохион байгуулагч байгууллагын удирдлагууд, мөн цэргийн байгууллагаас чөлөөнд гарсан ахмадууд залууст сургамж, амьдралын чиг баримжаа болгох сэтгэлийн үгсээ хэлж, эх орноо хайрлаж, иргэний эрхээ зөв эдлэж, үүргээ үргэлж ухамсарлаж явахыг захилаа.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан оролцож, өсвөр үе, залуучуудад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр Монгол улсын иргэн болж, иргэний үнэмлэхээ гардан авч буй энэ эрхэм мөч нь хүн бүрийн амьдралд тохиох онцгой үйл явдал болохыг онцлоод, эх орныхоо түүх, өв соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хууль ёсыг сахин биелүүлдэг, эх орондоо хайртай, зөв хандлагатай, хариуцлагатай иргэн болон төлөвшихийг ёслолд оролцогч залуучуудад хүсэн ерөөлөө.
Иргэний андгай өргөх ёслол нь өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархал, иргэний ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ухамсар, сэдлийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.