Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлттэй танилцлаа.
Тус мод үржүүлгийн газарт ногоон байгууламжид шилжүүлэн суулгах боломжтой 15 төрлийн 385900 тарьц, суулгац ургаж байна. Мөн энэ онд үр болон мөчрөөр үржүүлсэн 14 төрлийн 672064 тарьц, суулгац бойжуулжээ.
Аймгийн Засаг дарга энэ онд төслийн үйл ажиллагааг дэмжихэд зориулан 50 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн байна. Уг санхүүжилтээр төслийн баг 277413 тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, оффисын шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн худалдан авчээ.
Харин мод үржүүлгийн газрын хувьд өвлийн улиралд тарьц, суулгацыг хүйтэн, хуурайшилтаас хамгаалах нь тулгамдсан асуудал болоод байна. Учир нь тарьц, суулгацыг цасаар хучиж өвөлжүүлдэг боловч сүүлийн жилүүдэд Мөрөн суманд цас бага орж байгаа нь өвөлжилтөд хүндрэл учруулж байгааг төслийн багийнхан танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар тарьц, суулгацыг өвлийн улиралд хамгаалах зориулалттай бага оврын хиймэл цас үйлдвэрлэх машинтай болох асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Тус машин нь тарьц, суулгацыг өвөлжилтийн хүндрэлээс хамгаалж, ургалт, амьдрах чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн ойжуулалт, ногоон байгууламжийн ажлыг өргөжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.



