Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Али Курт, хөтөлбөр зохицуулагчийн орлогч Өзгүр Юсуф Йылдырым нар Хөвсгөл аймагт ажиллаж байна.
ТИКА-гийн төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан, тус агентлагийн дэмжлэгээр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр цаатан иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.
Мөн өмнө нь хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг дүгнэж, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
ТИКА-гийн дэмжлэгээр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гүний усны худаг гаргаж, орон нутгийн иргэдийн ундны усны хангамжийг сайжруулахад хувь нэмэр оруулсан төдийгүй цаатан иргэдэд хүнсний дэмжлэг үзүүлэх зэрэг хүмүүнлэгийн чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлжээ.
Энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд ТИКА-гийн төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллаж, тус агентлагийн санхүүжилт, дэмжлэгээр гаргасан гүний усны худгийг хүлээн авах үйл ажиллагаатай танилцана.
Мөн цаатан иргэдтэй уулзаж, тэдний аж амьдрал, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагатай асуудлын талаар газар дээр нь танилцана гэдгийг төлөөлөгч нар хэллээ.
