Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Төв аймгийн 27 сумын сурагчдын шилдэг шүлгийг багтаасан “Хэнз эгшиглэн” ном хэвлэгдэж, уншигчдын хүртээл боллоо.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн ивээл дор “Миний хэнз хурга” хүүхдийн шүлгийн уралдааныг сум бүрд үе шаттай зохион байгуулжээ. Уралдаанд нийт 349 сурагч оролцож, өөрсдийн зохиосон шүлгээ уншиж танилцуулснаас 81 хүүхдийн бүтээлийг шалгаруулан номд багтаасан байна.
Хүүхэд багачуудын шүлгийн номын нээлттэй зэрэгцэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Жа.Баяржаргалын “Гал морин жинж” шинэ түүврийг танилцууллаа.
Түүний яруу найргийн 23 дахь ном болох уг бүтээлд цөөн мөрт шүлгүүд багтсан бөгөөд дөрвөн шүлгээс бусад нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй ажээ.
Мөн номын нээлтийн үеэр Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэж, уншигч, үзэгчдэд танилцуулсан байна.