Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зөвлөх багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Мөрөн сумын Эрдмийн далай сургуулийн биологийн багш Ц.Баярхүү, охин “Шинэ Монгол Харүмофүжи” сургуулийн биологийн багш, Боловсролын магистр Б.Идэрмөрөн нарын хамтын бүтээл "Таны гарт буй ирээдүй" номын нээлт боллоо.
“Таны гарт буй ирээдүй” ном бол ердийн нэг онолын ном биш. Өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн харилцааг сайжруулахад туслах шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөч юм хэмээн Ц.Баярхүү хэллээ.
Номын агуулгад хүүхдийн тархины айдсын төв болон оюун ухаан, удирдлагын төвийн ажиллагааг энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарлаж, хүчирхийлэлгүйгээр ойлголцох бодит аргуудыг эцэг, эхчүүдэд алхам алхмаар заан чиглүүлжээ.
Мөн ээнэгшлийн хэв маяг, бэлгийн боловсрол, цахим аюулгүй байдал зэрэг өнөөгийн эцэг эхчүүдийн санааг зовоож буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэл, хууль эрх зүйн зохицуулалт, олон улсын сайн туршлагад тулгуурлан тайлбарласан нь уг бүтээлийн онцлог юм.
Багш, эцэг эхчүүд хүүхдийн сайн сайхны төлөө нэг баг болж ажиллахын чухлыг сануулж, ирээдүй хойчдоо үлдээх хамгийн том өв бол зөв хандлагатай, сэтгэл зүйн хувьд эрүүл иргэн гэдгийг тэмдэглэсэн байна.
Энэхүү ном нь эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ дотоод ертөнцийг айдас, шийтгэлээр бус, хайр, ойлголцол, итгэлцэл, аюулгүй орчинд төлөвшүүлэх арга ухаанд суралцахад туслах юм.