Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.05.11-2026.05.18)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 13.64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24.18 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Премиум Нэксус ХК, Хаан банк ХК, Тэнгэр Даатгал ХК, Инвескор ББСБ ХК болон АПУ ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт 3 удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн гол индексүүд бууралттай хаагдаж, өмнөх сэргэлтийн дараах ашиг авалт болон зах зээлийн болгоомжлол нэмэгдсэн дүр зураг ажиглагдлаа. TOP-20 индекс -0.33%, MSE A индекс -0.50%, MSE B индекс -0.96%-иар тус тус буурсан бөгөөд ялангуяа MSE B индексийн уналт нь жижиг үнэлгээтэй хувьцаануудад борлуулалтын дарамт илүү хүчтэй байсныг илтгэж байна. Том үнэлгээтэй хувьцаанууд харьцангуй тогтвортой байсан ч жижиг, дунд сегментэд идэвх суларч, арилжааны хэмжээ өмнөх долоо хоногуудтай харьцуулахад саарсан байна. Мөн энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааг өвлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр, татварын хуулийн өөрчлөлтийн төслүүд, гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудлууд эдийн засаг, хөрөнгийн зах зээлтэй холбоотой гол сэдвүүдийн нэг байв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЛГЭЭ 2.2 ДАХИН ӨСӨЖ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДАВАМГАЙЛЖ БАЙНА
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр Монголын үнэт цаасны зах зээлд 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 563.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс 303.7 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин өссөн байна. Нийт гүйлгээний 65.5% буюу 369.2 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлсэн нь компаниуд болон байгууллагууд зах зээлээр дамжуулан санхүүжилт татах идэвх өндөр хэвээр байгааг илтгэж байна. Харин хоёрдогч зах зээлийн гүйлгээ 194.5 тэрбум төгрөгт хүрч, жилийн дүнгээр 1.3%-ийн өсөлттэй гарчээ.
Гол үзүүлэлтүүд:
Гүйлгээний бүтцээс харахад компанийн бонд нийт арилжааны 47.1 хувийг эзэлсэн нь тогтмол өгөөжтэй хэрэгслийн эрэлт өндөр хэвээр байгааг харууллаа. Үүний зэрэгцээ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 20.2 хувь, компанийн хувьцаа 16.8 хувь, Засгийн газрын бонд 15.8 хувийг тус тус бүрдүүлжээ.
Арилжсан үнэт цаасны тоо хэмжээ 185.6 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 39 хувиар буурсан нь зах зээлийн өсөлт нь арилжааны тоо хэмжээнээс илүүтэй өндөр дүнтэй хэлцэл, анхдагч зах зээлийн санхүүжилтээр дэмжигдэж байгааг илтгэж байна. Хоёрдогч зах зээл дээрх хөрвөх чадварын өсөлт харьцангуй хязгаарлагдмал хэвээр байгаа нь зах зээлийн оролцоо өргөн хүрээнд тэлээгүйг харуулж байна.
TOP-20 индекс 2026 оны 4-р сард 50,717 нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс өссөн ч өмнөх сараас 1,710 нэгжээр буурсан нь өмнөх өсөлтийн дараах богино хугацааны засвар үргэлжилж байгааг илэрхийллээ. Мөн зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 9.9 хувиар өссөн боловч сарын дүнгээр буурсан үзүүлэлттэй гарсан байна.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ 54.1 ХУВИАР ӨСӨВ: УУЛ УУРХАЙ ӨСӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Үндэсний Статистикийн Хорооны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 21.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 54.1 хувиар өссөн байна. Өсөлтийн гол хөдөлгүүр нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар байсан бөгөөд тус салбарын үйлдвэрлэл 18.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 67.5 хувиар өсжээ.
Металлын хүдэр олборлолт 2.2 дахин өсөж 6.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол чулуун нүүрсний олборлолт 25.6 хувиар өссөн нь экспортын орлого болон аж үйлдвэрийн борлуулалтыг хүчтэй дэмжсэн байна. Аж үйлдвэрийн нийт борлуулалт 26.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 79.5 хувиар өссөн бөгөөд үүний 20.4 их наяд төгрөг нь уул уурхайн экспортын борлуулалт байжээ.
Зах зээлд анхаарал татаж буй гол үзүүлэлтүүд:
Бүтээгдэхүүний түвшинд чулуун нүүрсний олборлолт 54.8 хувь, төмрийн хүдэр 44.4 хувь, төмрийн хүдрийн баяжмал 49.3 хувь, зэсийн баяжмал 29.6 хувиар өссөн бол газрын тос, мөнгөний баяжмал, цайрын баяжмалын үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй гарчээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт цемент, ноолууран бүтээгдэхүүн, самнасан ноолуурын үйлдвэрлэл өссөн ч ус, ундаа, мах, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна.
Үйлдвэрлэлийн биет хэмжээний индекс өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар буурсан нь нэрлэсэн өсөлтөд түүхий эдийн өндөр үнэ хүчтэй нөлөөлж байгааг харуулж байна. Энэ нь уул уурхайн өндөр цикл эдийн засгийг дэмжиж байгаа ч өсөлт салбар хооронд жигд тархаагүй хэвээр байна.
Боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт 8.4 хувьтай гарсан бол ус, ундаа, мах, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. Энэ нь дотоод хэрэглээ болон уул уурхайгаас бусад салбарын сэргэлт харьцангуй сул хэвээр байгааг илтгэж байгаа бөгөөд МХБ-д бүртгэлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн салбарын хувьцаануудын өсөлт одоогоор уул уурхайн чиглэлийн компаниудаас хоцорсон хэв шинжтэй байгааг харуулж байна.
МОНГОЛБАНК БИЕ ДААСАН БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ, БАНКНЫ САЛБАРЫГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ШИНЭЧЛЭЛ ЭХЛҮҮЛНЭ
Монголбанкны удирдлагууд мөнгөний бодлого, инфляц, банкны салбарын шинэчлэл болон макро эдийн засгийн эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдээ өнгөрсөн 7 хоногт танилцууллаа.
Төв банк инфляцын дарамт нэмэгдэж буй энэ үед банкны салбарын либералчлал, төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн шинэчлэлд төвлөрч байна.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төв банкны хараат бус байдлын үнэлгээ одоогоор 60 хувь буюу “хангалтгүй” түвшинд байгааг дурдсан бөгөөд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдалд төвлөрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв. Мөн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг төв банкаар санхүүжүүлэхийг хязгаарлаж, төсөв-мөнгөний бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Банкны салбарын хувьд Монголын санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкууд бүрдүүлж байгаа тул өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, эзэмшлийн төвлөрлийг бууруулах чиглэлд шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд гадаадын банк болон олон улсын хөгжлийн байгууллагуудыг Монголын банкуудад хувьцаа эзэмшигчээр оролцуулах, хөрөнгө оруулалтын орчныг нээлттэй болгох өөрчлөлтүүдийг Банкны тухай хуульд тусгахаар ажиллаж байна.
Инфляцын тухайд, Монголбанкны мэдээлснээр жилийн инфляц дөрөвдүгээр сарын байдлаар 10.1 хувьд хүрч, өмнөх сарынхаас 2.7 нэгж хувиар өсжээ. Энэхүү өсөлтийн 2 нэгж хувь нь зөвхөн мах болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн дүнгээр 38 хувиар, шатахууны үнэ 17 хувиар өссөн нь инфляцад хамгийн хүчтэй нөлөөлжээ.
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалж байгаа бөгөөд инфляцын өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаантай тул шууд мөнгөний хатуу бодлогоор хариу өгөхөөс илүү инфляцын хоёр дахь үеийн нөлөө болон инфляцын хүлээлтийг хянаж ажиллаж байна гэж тайлбарлав. Иргэдийн 12 сарын инфляцын хүлээлт 7.9 хувьтай гарсан нь одоогийн инфляцаас доогуур түвшинд хадгалагдаж байгаа аж.
Монголбанк мөн ипотекийн санхүүжилтийн тогтолцоог үе шаттай зах зээлийн зарчимд шилжүүлэх, 6 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээлийг илүү зорилтот бүлэгт чиглүүлэх, харин 8–12 хувийн зах зээлийн нөхцөлтэй бүтээгдэхүүнүүдийг өргөжүүлэх хувилбаруудыг судалж эхэлжээ. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөцийг хамгаалах, импортын хэрэглээг сааруулах, бизнесийн зээлийг дэмжих бодлого үргэлжилж байна.
