Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна.

"ЗАСАГ" ГЭДЭГ ҮГ ТАТВАР ГЭСЭН УТГАТАЙ БАЙВ
Монгол хэл судлалын салбар хуралдаанд судлаач Ш.Баттөгс “Дунд үеийн монгол бичгийн дурсгалын үгийн сангийн онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр илтгэлдээ, "Бичгийн дурсгал дахь үг хэллэг нь тухайн нийгэм цаг үеийн тусгал учир түүх, эдийн соёлын чухал баримт болдог" тухай тодотгож байв.
Тухайлбал, 13-14-р зууны үеийн дурсгалд ихээхэн тохиолддог “засаг” гэх үг тухайн үед татвар гэсэн утгатай байсан бол одоо засгийн газар, эдийн засаг гэхчлэн утга нь өргөжжээ.Түүнчлэн 13-14-р зууны үеийн дурсгал дахь олон үг хэллэгийг зарим судлаач түрэг, араб, перс гаралтай гэдэг ч судалгааны явцад Алтай язгуурын дундын үг, зарим нь уугуул монгол үг байх баримт цөөнгүй байгааг тэрбээр илтгэлдээ дурдаж байв.
Олон Улсын Монгол Судлалын Холбоо, ЕТГ, ЭЗХЯ, ГХЯ, ССАЖЗЯ, БЯ, АЕГ, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулж буй монголч эрдэмтний хурал “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр, Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Энэ үеэр монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл тавина.
Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар хурлыг 1959 онд Улаанбаатарт зохион байгуулж, 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож байжээ. Өнгөрсөн 12 удаагийн хуралд 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн судлаач монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцүүлж байжээ.