Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод зохион байгуулсан Нуржамал Усенбаевагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын II уралдаанд “Улаанбаатар” театрын уран бүтээлчид амжилттай оролцжээ.
Тус театрын гоцлол дуучин Х.Мөнхтүвшин хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин соёлын тэргүүний ажилтан Ж.Хишигбат АНУ-ын шүүгч Жорж Пехливаняны нэрэмжит тусгай шагналын эзэн болж, түүний мэргэжлийн дуурийн академид суралцан, цаашид “Дон Паскуале” дуурийн Эрнесто-гийн дүрийг бүтээх эрх авчээ. Түүнчлэн УДБЭТ-ын концертмейстер Б.Оюунгэрэл тус уралдааны “Шилдэг концертмейстер”-ээр тодорсон аж.
Казахстан улсын ардын жүжигчин Нуржамал Усенбаевагийн нэрэмжит тэмцээний эхний шатанд Казахстан, Монгол, Орос, Хятад, Узбекистан, Герман, Итали тэргүүтэй 11 орны 85 бүтээлээс шигшээд шалгарсан 20-35 насны 30 залуу мэргэжлийн дуучин тайзнаа өрсөлджээ.
Энэ сарын 1-4-нд зохион байгуулсан тус уралдааны гранпри болон тэргүүн байрын эздийг Еркегали Рахмадиевагийн нэрэмжит Улсын академийн филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарсан гала концертын үеэр албан ёсоор тодруулсан байна.