Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжжээ.
Бага үнийн дүнтэй иргэний хэргийг хялбар, шуурхай шийдвэрлэх зорилгоор 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг нэвтрүүлсэн. Гэвч амьдрал дээр тодорхой хүндрэл үүссэн нь хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тогтоосон байна. Хүндрэлийг дараах байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Үүнд,
-Үнийн дүнгийн босгыг тогтмол болгох. Тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийн үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 дахин гэж тооцдог. Иймд босгыг 15 сая 840 мянган төгрөг гэж тогтмол тогтоосноор шүүхийн ачаалал дагаж өсөхгүй.
-Хэргийн нэхэмжлэл хүргэх ажиллагааг сайжруулах хүрээнд шүүх цахим хуудастаа нэхэмжлэлийг байршуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
-Харьяалал буруу хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, өөр шүүхэд шилжүүлж, урьд хийсэн ажиллагааг тооцон, хугацааг шинээр тоолохгүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэх аж.
-Цахим хэлбэрээр зээл олгохдоо зээлдүүлэгч зээлдэгчийн хэн болох, цахим шуудангийн хаягийг баталгаажуулж, баримтын шүүхэд гаргаж өгнө.
Хуулийн төслийг баталснаар тусгайлсан журмын гол зорилго болох богино хугацаанд хэрэг шийдвэрлэх нөхцөл бүрдэж, хэргийн үндэслэлгүй удааширал буурч, Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрх хамгаалагдах юм.
Мөн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хуулийг 1994 онд баталснаас хойш тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ 3 дахин өргөжиж, газар нутгийн 21 орчим хувийг хамрах болсон аж. Гэвч хамгаалалт, менежмент, санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоо, аялал жуулчлал, хот суурин үүссэн бүсийн асуудлыг цогцоор зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй болсон гэж үзжээ.
Шинэчилсэн найруулгын төсөл нь тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн хамгаалах бус, экосистемд суурилсан менежмент, тогтвортой ашиглалт, нутгийн иргэдийн оролцоо, тогтвортой санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэхэд чиглэж байгааг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Бүлгийн гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авснаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.