Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга энэ долоо хоногт “Иргэдтэй уулзах цаг”-аар 11 иргэнийг хүлээн авч, тэдний санал, хүсэлтийг сонслоо.
Уулзалтаар долоон иргэний санал, хүсэлтэд газар дээр нь хариу өгч, дөрвөн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан, судалж шийдвэрлүүлэхээр хяналтад авчээ.
2026 онд “Иргэдтэй уулзах цаг”-ийг 19 удаа зохион байгуулж, нийт 166 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзан, 196 санал, хүсэлт бүртгэжээ. Үүнээс 190 санал, хүсэлтийг шийдвэрлэсэн нь нийт хүсэлтийн 96.93 хувь юм. Шийдвэрлэсэн асуудлын 169-д газар дээр нь хариу өгсөн байна.
Иргэдийн дийлэнх санал, хүсэлт газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх авах, сунгуулах болон газрын маргаантай холбоотой байжээ. Түүнчлэн орон сууцны дэмжлэг, инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, тохижилт, бизнесийн хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлт гаргасан байна.
Мөн амьжиргааны түвшин доогуур өрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, төрийн үйлчилгээний хүртээмж, гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлыг хөнджээ.
“Иргэдтэй уулзах цаг”-ийг 2022 оноос цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 24-нөөс долоо хоног бүрийн даваа, мягмар, лхагва гарагт тогтмол хүлээн авч байна.