Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Дорноговь аймгийн 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг тус бүрээр гаргажээ.
Тооцооллоор аймгийн нийт нутгийн 2.6 хувьд бэлчээрийн нөөцтэй, 38.3 хувьд даац хүрэлцээтэй байгаа бол 49.1 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин, 6 хувьд 3-5 дахин, 4 хувьд олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн нийт бэлчээрийн 40.9 хувьд даац хүрэлцээтэй байгаа бол 59.1 хувьд даац хэтэрсэн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, Иххэт сумын Баян, Дэлгэрэх сумын Бумбат, Алтанширээ сумын Зараа, Эрдэнэ сумын Дөрвөлж, Бүрдэнэ, Даланжаргалан сумын Бичигт, Айраг сумын Нард, Сайн-Ус, Улаанбадрах сумын Аргалант, Хатанбулаг сумын Халив, Эргэл, Мандах сумын Алхантээг, Сайхандулаан сумын Цохио багийн нутагт бэлчээрийн даац хүрэлцээтэй гарчээ.
Харин Өргөн, Хөвсгөл, Сайншанд, Замын-Үүд сумын нийт нутаг, Даланжаргалан сумын Элдэв, Цомог, Өнгөт, Айраг сумын Нүдэн, Иххэт сумын Бүрдэнэ, Алтанширээ сумын Хаяа, Тойг, Дэлгэрэх сумын Цагаанхад, Аманшанд, Эрдэнэ сумын Еншөөв, Сайхандулаан сумын Жаргалант, Өлзийт, Улааншороот, Мандах сумын Баянхошуу, Сэрвээн баянхошуу, Өехий, Хатанбулаг сумын Агаруут, Сулинхээр, Улаанбадрах сумын Сангийн далай, Баянбогд, Нүдэн багийн нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн байна.
Бэлчээрийн даацыг аймаг, сум, багийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцдог байна. Мөн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын зудын урьдчилсан төлөвөөр Дорноговь аймгийн нийт нутгийн 5 орчим хувьд мал өвөлжилт их, 40 орчим хувьд дунд, 55 орчим хувьд бага зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байна.