Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран
nanzadmunhnaran@gmail.com

Булган. 2026 оны арван нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн малчин, тариаланч Ёндонжамцын Нямаа, Улсын аварга тариаланч Адъяасүрэнгийн Пүрэвсүрэн нар 26 жилийн турш мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхэлж байна. Эдүгээ 40 дэх жилдээ хамт амьдарч буй хөдөлмөрч гэр бүлийн төлөөлөл А.Пүрэвсүрэнтэй ярилцсаныг толилуулж байна.
Танай гэр бүл хэзээнээс мал маллаж, хүнсний ногоо тариалж эхэлсэн бэ?
Бид 1986 онд гэр бүл болсон. Социалист нийгмийн үед манай хүн трактор барьж, би үтрэмийн талбайд ажилладаг байлаа. Хүүхдүүд өсөж том болохын хэрээр амьжиргааны хэрэгцээ нэмэгдсэн тул 2000 оноос хоёр үнээ, 50-иад хоньтойгоор малчин болсон. Улмаар гэр бүлээрээ хөдөлмөрлөсний үр дүнд мал сүргээ 800 хонь, 70 гаруй үхэрт хүргэж өсгөсөн. Харин мал аж ахуйнхаа хажуугаар хүнсний ногоо тариалаад 26 жил болж байна.
Хүнсний ногооны тариалалт болон хөрс бордох арга барилаасаа хуваалцана уу?
Бид Баруун голын дагуух 50 сотик талбайд голын уснаас суваг шуудуу татан усалж, ногоо тариалдаг. Өмнө нь 7-8 мянган байцаа тарьдаг байсан бол одоо өрхийн хэрэгцээндээ тааруулан 1000 орчим байцаа тарьж байна. Бид химийн бордоо огт хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн хар модны үнс, хонины бууц, аргалын үнсээр талбайгаа бордож, цэвэр байгалийн гаралтай ургац авдаг.
Танай удмынхан газар тариалан, мал аж ахуйн мэргэжилтнүүд байсан гэдэг. Энэ талаар тодруулбал?
Миний аав И.Адъяасүрэн Улаантолгойн саалийн механикжсан фермийг анх үүсгэн санаачилсан зоотехникч хүн байсан. Ээж Ц.Хандсүрэн маань агрономч мэргэжилтэй, ГОК-ийн туслах аж ахуйд олон жил ажилласан. Мөн хадам аав Ёндонжамц, ээж Янжмаа хоёр маань бидний ажилд ихээхэн урам дэм өгч ирсэн.
Мал маллах, ногоо тарих хоёрыг хэрхэн зохицуулдаг вэ? Ургацаа хаана борлуулж байна вэ?
Хавар, зун, намрын гурван улиралд усалгаа, зэрлэг түүх, байцаа манах гээд амралтгүй ажилладаг. Олон жил наадам үзэлгүй ногооныхоо талбайд өнжлөө. Ургац жигдрээд ажил хөнгөрөх үеэр сааль сүү, цагаан идээ бэлтгэх, хадлан авах ажилдаа ордог. Бид 20 тоннын багтаамжтай зоорь барьж, ургацаа хадгалдаг бөгөөд намар Хялганатын дэлгүүр, сургууль, цэцэрлэг болон байнгын худалдан авагчдадаа нийлүүлдэг.
Та хоёр таван хүүхэдтэй өнөр айл. Таны хөдөлмөр зүтгэлийг төр засгаас хэрхэн үнэлсэн бэ?
Бид таван хүүхдээ мал, ногооныхоо хүчээр зээл, өр тавилгүйгээр бүгдийг нь мэргэжилтэй, гэр оронтой болгосон. Хоёр хүү маань малчин, нэг охин маань инженер, хоёр хүүхэд, хоёр бэр маань эмчийн мэргэжлээр ажиллаж байна. Миний хөдөлмөрийг үнэлж 2008 онд Булган аймгийн “Аварга ногоочин”, 2009 онд “Улсын аварга тариаланч” цол тэмдгээр шагнасан. Одоо бид ач, зээ нараа ажлын дөртэй болгохоор сургаж байна.