Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулсан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2026”-гаар Сэлэнгэ аймаг улсын хэмжээнд 21 аймгаас наймдугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь 2023 оны судалгааны дүнтэй харьцуулахад нэг байраар ухарсан үзүүлэлт юм.
Тус судалгааг 2012 оноос эхлэн жил бүр гаргаж байгаа бөгөөд энэ жилийн тайлан нь 15 дахь удаагийнх юм. Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 115 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ.
Сэлэнгэ аймаг 2023 оны судалгаагаар 78.62 оноогоор долдугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа өрсөлдөх чадварын ерөнхий оноо 11.2 нэгжээр буурсан байна. Ялангуяа 21 аймгаас ерөнхий үнэлгээ нь хамгийн их буурсан таван аймгийн нэгээр нэрлэгдсэн нь анхаарал татаж байна.
Харин үндсэн дөрвөн бүлгийн нэг болох бизнесийн үр ашгийн үзүүлэлтээр Сэлэнгэ аймаг 92.4 оноо авч, улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Энэ бүлэг нь хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшлийг үнэлдэг бөгөөд тус аймгийн хувьд бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, хувийн хэвшлийн хөгжлийн тодорхой давуу тал байгааг харуулж байна.
Энэ жилийн судалгааны нэг онцлог нь 2024, 2025 онд зөвхөн албан ёсны статистик мэдээлэлд тулгуурлан үнэлгээ хийсэн бол 2026 онд статистик мэдээлэлд бизнес эрхлэгчдийн санал асуулгыг нэмж, цогц үнэлгээ хийсэн явдал юм. Иймээс судлаачид энэ жилийн үр дүнг 2023 оны тайлантай харьцуулах нь илүү оновчтой гэж үзэж байна.
Ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд жагсжээ. Харин 21 аймгийн өрсөлдөх чадварын дундаж оноо 2023 оныхоос 5.2 нэгжээр буурсан байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээ нь тухайн орон нутгийн хөгжлийн давуу болон сул тал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашдын бодлого, төлөвлөлтийг бодит мэдээлэлд тулгуурлан боловсруулах чухал үзүүлэлт болдог. Тиймээс Сэлэнгэ аймгийн хувьд бизнесийн үр ашгийн давуу талаа хадгалахын зэрэгцээ ерөнхий үнэлгээг бууруулсан хүчин зүйлсийг бүлэг, дэд бүлэг тус бүрээр нарийвчлан судалж, хөгжлийн бодлогодоо тусгах шаардлагатай байна.