Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил тутам гаргадаг.
Тэгвэл өчигдөр “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Уг судалгаа нь 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хараат бусаар үнэлдэг онцлогтой. Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд УИХ-аас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусгасан зорилтыг хэмжих эх сурвалжаар хуульчилсан судалгаа юм. Тус судалгааг 2012 оноос хойш жил бүр хараат бусаар гүйцэтгэж байгаа бөгөөд, 15 дахь жилдээ танилцуулж байна.
Судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Дорноговь 96.2, Орхон 92.3 оноогоор удаалав. Мөн Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд багтсан байна. Харин судалгаагаар хамгийн бага оноо авсан таван аймгаар Төв, Булган, Говь-Алтай, Завхан, Дундговь аймаг оржээ. Тус тайланд Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд нийт 115 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Үнэлгээнд албан ёсны статистик мэдээлэл болон аймаг бүрийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүнг ашигласан аж.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Отгочулуу ярихдаа “Манай төв бол төрөөс хараат бус байгууллага. Бид өмнө нь 2023 онд санал асуулга бүхий цогц судалгаа явуулсан. Харин сүүлийн хоёр жил зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн судалгааг гаргалаа. Энэ жил санал асуулга бүхий иж бүрэн судалгаа хийсэн юм. Тиймээс энэ удаагийн судалгааг 2023 оныхтой харьцуулах нь илүү оновчтой” гэв.
Өмнөх цогц судалгааг 2023 онд хийсэн бөгөөд тус судалгаатай харьцуулахад аймгуудын өрсөлдөх чадвар илт буурсан байна. Гурван жилийн өмнө аймгуудын өрсөлдөх чадварын дундаж 66.6 байсан бол энэ удаад 61.5 болов. Тухайлбал, эдийн засгийн тамир, тэнхээгээр 51.1 хувьтай гарсан нь өмнөх судалгаанаас 11.4 хувиар буурсан үзүүлэлт. Мөн бизнесийн үр ашиг өмнөх судалгаагаар 70.4 хувь байсан бол энэ жил 60.3 хувь болсныг судлаачид онцоллоо.
Аймаг тус бүрээс өөрчлөлтийг харьцуулахад таван аймгийнх өссөн бол үлдсэн 16 аймгийн оноо буурсан үзүүлэлттэй. Дундговь, Завхан, Дархан-Уул, Говь-Алтай, Архангай аймгийн дундаж оноо өссөн. Харин хамгийн их буурсан үзүүлэлттэй аймгаар Хэнтий тодорчээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлэгт хувааснаас Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тэргүүлсэн байна.