Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

БЭЭЖИН, 2026 оны аравнэгдүгээр сарын 19 /Xinhua/. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зургаа дахь үеийн үүрэн холбооны (6G) технологийн судалгаа, хөгжлийг дэмжих зорилгоор төв болон орон нутгийн хамтарсан туршилтын хөтөлбөрт найман бүс нутгийг хамруулахаар баталжээ.
Тус яамны мэдээлснээр, уг хөтөлбөрт Бээжин, Хэбэй, Шанхай, Жянсу, Жежян, Аньхүй, Хубэй, Гуандун зэрэг мужийн түвшний засаг захиргааны найман нэгжийг сонгосон байна.
Энэхүү хөтөлбөр нь бүс нутгуудын нөөц боломжийг нэгтгэж, төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар 6G технологийн судалгаа, шинэчлэл, үйлдвэрлэл болон хэрэглээг хөгжүүлэх зорилготой ажээ.
Туршилтын хүрээнд шинэ төрлийн холбооны төхөөрөмж, үндсэн эд анги, үйлдлийн систем, хиймэл дагуулын интернэтийн технологийг хөгжүүлэхэд голлон анхаарна. Түүнчлэн виртуал харилцаа холбоо, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, бие даан ажиллах хиймэл оюунт систем, газрын гадаргаас дээш 1000 метр хүртэлх нам өндрийн агаарын орон зайд нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг ашиглан явуулж буй эдийн засгийн цогц үйл ажиллагаа, далайн ухаалаг тээвэр зэрэг салбарт 6G технологийг ашиглах боломжийг судалж, турших юм.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршилтын бүс нутгуудад мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгөхийн зэрэгцээ хэрэгжилтэд нь тогтмол үнэлгээ хийхээр төлөвлөжээ. Ингэснээр 6G технологийн судалгаа, хөгжлийг эрчимжүүлж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчний хөгжлийг түргэтгэхийг зорьж байна.
Хятад улс дараагийн үеийн харилцаа холбооны технологийн салбарт тэргүүлэх байр сууриа улам бэхжүүлэхийг эрмэлзэж буй үед уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус улс одоогоор олон сая суурь станц ашиглалтад оруулж, дэлхийн хамгийн том 5G дэд бүтцийг байгуулаад бол дэлхий даяарх нийт 5G холболтод Хятадын эзлэх хувь өндөр хэвээр байна.