Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр,2026 оны аравдугаар сарын 29/МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн “CuMo Arena” цогцолборыг нээх цуврал үйл ажиллагаа 11 дүгээр сарын 5-наас 14 хоног үргэлжилнэ.
Энэ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй хэлтэс, алба, Соёл, урлаг, Спорт цогцолборын удирдлагууд, нээлтийн нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулагч “Skin Entertainment”-ийн найруулагч Б.Анар, “Жалданжанчүвлин” хийдийн тэргүүн, гэвш лам Б.Мөнхтогоо болон Орхон аймгийн сэтгүүлчид оролцов.
Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдын хүч хөдөлмөр, хөлс хөрөнгө шингэсэн энэ бүтээн байгуулалтыг аймгийн хэмжээнд төдийгүй орон даяар таниулан сурталчлах зорилгоор долоон төрлийн 12 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 23000 хүнд хүрч үйлчлэхээр төлөвлөжээ.
Нээлт 11 дүгээр сарын 5-ны өдөр олон улсын “Браво” циркээр эхлэн 11 дүгээр сарын 12, 13-нд Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдын “Хайрын хүч” тоглолтоор үргэлжилж, 11 дүгээр сарын 14-ний амралтын өдөр хүчит 128 бөхийн барилдаан болох аж.
Одоогоор, Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий тэргүүтэй улсын цолтнууд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, дархан аварга, Гавьяат тамирчин А.Сүхбат, улсын аварга, гавьяат тамирчин Г.Эрхэмбаяр, улсын заан, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар урилгаар оролцох юм байна.
Харин 11 дүгээр сарын 15-нд Монголын Бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номунхан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам нар ирж, сүсэгтэн олонд Аюуш бурхны насны авшиг хайрлана. Буян номын энэ үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр уурхайчид, ард иргэддээ зориулж үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүний дараа 11 дүгээр сарын 17-нд сагсан бөмбөгийн, 11 дүгээр сарын 19-нд волейболын шилдэг багуудын халз тоглолтууд болно. Сагсан бөмбөгийн дээд лигийн хоёр баг Эрдэнэт хотод анх удаа ирж байгаагаараа онцлог. Мөн Эрдэнэт үйлдвэр, Дархан хот, Omni Erdenet Miners, Selenge Bodons, Уурхайчин клуб, Mintonette Gobi багийн дунд “сагс”, волейболын ширүүн өрсөлдөөн өрнөж, ялалт хүртэлх догдлол өрнөл, спортын бүхий л гайхамшгийг мэдрүүлнэ.
“CuMo Arena”-г нээх цуврал үйл ажиллагаа нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын бүтээн байгуулалтыг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна Эрдэнэтийнхэнд урлаг, соёл, спортын өргөн сонголттой хөтөлбөрөөр үйлчилж, шинэ цогцолборын боломж, үнэ цэнийг мэдрүүлнэ гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.



