Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, тэдэнд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилготой “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг энэ сарын 7-нд Орхон аймагт боллоо.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Б.Баатар, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат тэргүүтэй албаны хүмүүс, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, иргэд оролцов.
Түүнчлэн А.Амарын талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн үзэсгэлэн дэлгэж, цэргийн үзүүлэх тоглолт зохион байгуулсан нь иргэд, хүүхэд, залуучуудад Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, цэргийн алба, техник хэрэгсэлтэй танилцах боломж бүрдүүлжээ.
Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж, Батлан хамгаалахын төв архиваас дайнд оролцсон ахмад дайчид болон хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, мэдээллийг газар дээр нь олгох үйлчилгээ үзүүллээ.








