Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Булган сумын аварга шалгаруулах 2026 оны хөл бөмбөгийн тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудын 25 багийн 240 гаруй сурагч оролцлоо. Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээнд зохион байгууллаа.
Тэмцээнд 10-11, 12-13, 14-15 насны ангиллаар багууд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна.
10-11 насны ангилалд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн баг тэргүүлж, 1 дүгээр сургуулийн баг хоёрдугаар, 2 дугаар сургуулийн баг гуравдугаар байр эзэллээ. 12-13 насанд 2 дугаар сургуулийн “Реал Мадрид” баг түрүүлж, тус сургуулийн 8г ангийн баг хоёрдугаар, 7а ангийн баг гуравдугаар байрт шалгарсан байна. Харин 14-15 насанд 2 дугаар сургуулийн 9б ангийн баг тэргүүлж, тус сургуулийн “Шонхор” баг удаалсан бол 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг гуравдугаар байр эзэлжээ.
Мөн насны ангилал бүрд шилдэг тоглогчдыг шалгаруулсан байна. 10-11 насанд 2 дугаар сургуулийн сурагч Б.Эрхэт шилдэг довтлогчоор, 3 дугаар сургуулийн сурагч Эрхэт-Тэнгэр шилдэг хамгаалагч, хаалгачаар тодорчээ. 12-13 насанд Д.Бямба-Очир шилдэг довтлогч, М.Энхманлай шилдэг хамгаалагч, Э.Эрдэнэбаяр шилдэг хаалгач болсон бол 14-15 насанд Б.Мандуул, Д.Анар-Эрдэнэ, Ч.Эрдэнэсайхан нар тус тус шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгачаар шалгарлаа.
Булган аймаг хөл бөмбөгийн спортын олон жилийн түүхтэй. Тус аймгийн хаалгач Л.Ганболд 1978 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, спортын нэгдүгээр зэргийн болзол хангасан бол ахмад дасгалжуулагч Б.Түмэндамба 1985 онд аймгийн шигшээ багийг улсын аваргад оролцуулж байжээ. Мөн энэ спортын анхдагч тамирчид болох Л.Дэмиддоо, А.Ганболд, Эрдэнээ болон Монголын хөл бөмбөгийн холбооны салбар зөвлөлийг ахлан ажиллаж байсан Д.Эрдэнэсүх нар орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Булган аймгийн Хөл бөмбөгийн холбоо 2014 онд албан ёсоор байгуулагджээ. Өдгөө тус аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг хөл бөмбөгөөр хичээллэхэд дэмжих, шинэ тамирчдыг бэлтгэхэд чиглэсэн ажил үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээн ч сумын сургуулиудын сурагчдад ур чадвараа сорих, хоорондоо туршлага солилцох боломж олгосноороо онцлог байв.