Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос 21 аймаг, есөн дүүргийн түрүү бөхчүүдийн тойргийн барилдааныг дахин сэргээж, өчигдөр зохион байгууллаа.
Тус барилдаанд 14 бөх хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар барилдав. Улмаар энэ жил Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж хуру чимэг нэмсэн Булган аймгийн Могод сумын харьяат, “Булган” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр түрүүлсэн юм. Тэрбээр хэсгийн барилдаан зургаа, шигшээд дөрөв, нийт 10 даваатайгаар тэргүүлэв. Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, Хөвсгөлийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан М.Цэрэн дэд байрт шалгарсан бол Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, Говь-Алтай аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан Д.Эрдэнэтулга гуравдугаар байрт шалгарчээ. Дээрх гурван бөхийн тухайд гурвуулаа “Хилчин” спорт хороонд харьяалагддаг байна.
Харин Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хутагтын их хүчтэн” дэвжээний бөх, Дорноговь аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан Б.Бадрал, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, Сэлэнгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан С.Оргилбаатар нар айргийн тавд багтлаа. Энэ үеэр аймгийн хурц арслан арслан Б.Бадралд уран барилдааны шагнал олгов.
Түүнчлэн аймгийн арслан Б.Орших, С.Жавхлан, О.Доржсамбуу, Э.Мөнхболд, Г.Цэрэнтогтох, Ц.Бямбацогт, Ц.Заяатүшиг, Г.Мөнх-Ёндон, Э.Бямбадорж нар 6-14 дүгээр байрт шалгарчээ.
Ташрамд дурдахад, 21 аймгийн түрүү бөхчүүдийн барилдааныг хамгийн сүүлд 2018 онд зохион байгуулж байсан юм. Тэгвэл найман жилийн дараа дахин сэргээсэн нь энэ.