Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Орон нутгийн цахим хөгжлийг дэмжих, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааны бүтээмжийг сайжруулах, шинэ технологийн боломжийг нэвтрүүлэх зорилготой “Цахим Сэлэнгэ” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр аймгийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдыг хамруулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт нь цахим шилжилтийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, төрийн байгууллагын албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг сайжруулах зорилготой юм.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын удирдлага, албан хаагчид, төрийн байгууллагуудын удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хөгжлийн бодлогын цахим шилжилттэй уялдах зорилт, нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлууд, харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээний хөгжил, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн шийдлийн талаар мэдээлэл танилцуулж байна. Түүнчлэн хиймэл оюуны ойлголт, хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, нээлттэй мэдээллийн ил тод байдлын системийн талаар хэлэлцэж байгаа юм.
Мөн орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын боломж, шийдлийг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх боломжтой санал, санаачилгыг хэлэлцэж байна.
Энэ үеэр ахмадын “Хурдан” клубийн гишүүдэд “Сургагч багш”, өсвөр үеийн “Цахим элч” клубийн гишүүдэд батламж гардууллаа. Энэ нь цахим ур чадвар, мэдлэгийг зөвхөн төрийн байгууллагын хүрээнд бус ахмад, залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж буй ажлын нэг хэсэг юм.
“Цахим Сэлэнгэ” санаачилгын үр дүн нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулахаас гадна мэдээллийн нэгдсэн урсгал, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй, ил тод үйлчилгээ хүргэхэд чиглэж байна.