Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ирээдүйн мэргэжлээ танин мэдэх, ур чадвараа сорих, техник, мэргэжлийн чиглэлээр өөрийгөө турших боломжийг залуучуудад олгох “Ур чадвар-Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын өдөрлөг маргааш “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд зохион байгуулна.
Боловсролын яамны мэдээлснээр тус өдөрлөг нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжил, шинэ технологи, ногоон шилжилт, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагын талаар залуучуудад бодит мэдээлэл өгөх зорилготой юм. Өдөрлөгт ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчдын төлөөлөл оролцоно.
Өдөрлөгийн үеэр хөдөө аж ахуй, эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн технологи гэсэн зургаан салбарын мэргэжил, ажлын байрны онцлогийг танилцуулах юм. Ингэхдээ оролцогчид тухайн мэргэжлийн талаар мэдээлэл авахаас гадна ашигладаг багаж хэрэгсэл, технологи, ажлын орчинтой танилцаж, мужаан, барилга, хүнд машин механизм жолоодох, хүнс үйлдвэрлэх зэрэг ур чадварыг өөрийн биеэр турших боломжтой.
Мөн мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн зөвлөгөө авах, ажил олгогч компаниудын төлөөлөлтэй уулзах, хосмог сургалтын тогтолцоо, суралцах болон хөдөлмөр эрхлэх боломжийн талаар мэдээлэл авах юм. Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдал, ногоон техник, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаарх мэдээлэл, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд ажил олгогчид, хүний нөөц болон компаниудын сургалтын албаныханд зориулан хосмог сургалтын хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг танилцуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хосмог сургалт нь суралцагч онолын мэдлэгээ ажлын байран дахь дадлага, бодит үйлдвэрлэлийн орчинтой хослуулан эзэмшдэг сургалтын хэлбэр юм. Энэ нь төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвартай бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.