Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйд хяналт шалгалт хийж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ.
Хяналт шалгалтыг хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Хүүхдийн төлөө-За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын Засаг даргын аравдугаар сарын 30-ны өдрийн захирамжаар байгуулсан ажлын баг зохион байгуулсан байна.
Ажлын баг аж ахуйн нэгж, байгууллагын нийт зургаан объектын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэсгийг шалгажээ. Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, орчны нөхцөлийг сайжруулах талаар зөвлөмж, зөвлөгөө өгсөн байна.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалаар баталсан сургуулийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, мөрдөж ажиллах талаар мэдээлэл өгчээ.
Дундговь аймаг 2026 оныг “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавдугаар сарын 1-нд боловсролын байгууллагын удирдлага, хоол зүйч, тогооч нарын зөвлөгөөн зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд 14 сумын сургууль, цэцэрлэгийн 90 гаруй албан хаагч оролцож, хүүхдийн хоол тэжээлийн байдал, хүнсний хангамж, хоол үйлдвэрлэлийн стандартын хэрэгжилтийн талаар хэлэлцжээ.
“Хүүхдийн төлөө–За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний эхний үе шат 2026 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж, бууруулах, гэр бүл, боловсролын байгууллага, олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй нөхцөл бүрдүүлэх зорилготой юм.