Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн хүрээнд нийгмийн ажилтнууд туршлага солилцлоо.
Тодруулбал, хүндрэлтэй кейстэй ажиллах нийгмийн ажилтнуудын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ил сургалтыг 11 дүгээр сарын 13-нд Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт зохион байгуулсан юм.
Тус сургалтад Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, сумын хамтарсан багийн нийгмийн ажилтнууд болон Есөнбулаг, Шарга сумын гэр бүлийн нийгмийн ажилтнууд зэрэг нийт 24 мэргэжилтэн оролцов.
Аймгийн ХГБХХГ, Хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгуулж, оролцогчдыг жижиг бүлгүүдэд хуваан хүндрэлтэй кейстэй ажиллахад тулгардаг бэрхшээл, ажлын ачаалал, сэтгэлзүйн нөлөөлөл, хамт олны дэмжлэг болон мэргэжил хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Мөн “Аюурлан” төрийн бус байгууллагын сэтгэлзүйч Н.Сарангэрэл “Өөрийгөө халамжлахуй” сэдэвт сургалт явуулж, сэтгэлзүйн хил хязгаараа тодорхойлох, стресс болон мэргэжлээс халшрах хам шинжийг таних, урьдчилан сэргийлэх, өөртөө анхаарал тавих арга барилын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү арга хэмжээ нь хүндрэлтэй кейстэй ажиллахад мэргэжлийн ур чадвараас гадна ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, өөрийгөө халамжлах дадал, хамт олны болон мэргэжил хоорондын дэмжлэг чухал болохыг онцолсон үйл ажиллагаа боллоо хэмээн оролцогчид сэтгэгдлээ илэрхийллээ.