Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Невада мужийн Рино хотод байрлах Marce Herz-ийн нэрэмжит төрийн өмчийн дунд сургуульд зочилж, сургалтын орчин, хичээл зохион байгуулалт, боловсролын хөтөлбөрийн онцлогтой танилцлаа.
Энэ үеэр төлөөлөгчид хичээлд сууж, сургалтын үйл ажиллагаанд ажиглалт хийсэн байна. 2020 оны наймдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус сургууль нь 1,400 сурагч хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламжтай. Өмнөд Рино орчмын бага, дунд сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор байгуулагдсан тус сургуульд одоогоор 6-8 ангийн 1,000 орчим сурагч суралцаж байна.
Сургууль нь гоц авьяастай, сурлагын өндөр амжилт үзүүлдэг сурагчдын мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн Magnet хөтөлбөрийн загварт суурилсан сургалт хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь үндсэн дөрвөн хичээлийг гүнзгийрүүлсэн, түргэвчилсэн агуулгаар судлуулахын зэрэгцээ суралцагчдын логик сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг байна.
Тухайлбал, хөтөлбөрт хамрагдсан сурагчид 8 дугаар ангиа төгсөхдөө математикийн хичээлээр Algebra II буюу ердийн түвшнээс ахисан шатны мэдлэг эзэмшдэг. Мөн шинжлэх ухааны чиглэлээр хими болон AP Biology зэрэг ахисан түвшний хичээл судлах бэлтгэл хангадаг ажээ.
Түүнчлэн төслийн суурьтай сургалтын арга зүйг түлхүү ашиглаж, бодит амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах, судалгаа шинжилгээ хийх замаар суралцагчдын практик ур чадварыг хөгжүүлдэг. Ингэснээр ахлах сургуульд Honors болон AP (Advanced Placement) зэрэг ахисан түвшний хичээлүүдийг судлах суурийг бүрдүүлдэг байна.
Сургалтын агуулгын уялдаа холбоог хангах хүрээнд байгалийн болон нийгмийн ухааны багш нар хамтран баг болж ажилладаг онцлогтой. Багш нар тогтмол уулзаж, хичээлийн агуулгыг давхардуулахгүйгээр харилцан уялдаатай төлөвлөх, дүүргээс баталсан сургалтын материал, цахим платформыг ашиглан сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, судалгаа шинжилгээний чадварыг хөгжүүлэх даалгавар боловсруулдаг байна.
Тус сургуулийн сургалтын зохион байгуулалтын бас нэг онцлог нь багийн системд суурилсан үйл ажиллагаа, төрөлжсөн, сонгон суралцах боломж, технологийн дэвшилтэт хэрэглээ, суралцагчдад нэмэлт дэмжлэг үзүүлэх цагийн зохицуулалт юм. Мөн урлаг, спортын дугуйлан, сонгон хичээл, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдын нийгэмших, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна сургууль, гэр бүлийн хамтын ажиллагааг чухалчилж, суралцагчдын хөгжил, төлөвшилд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог ханган ажилладаг талаар Боловсролын яам мэдээлэв.