Ачаалж байна…
Ачаалж байна…
Batbold Shoovdor
batbold.shoovdor@gmail.com

Улиастай, 2026 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улс, бүс нутгийн чанартай авто замын томоохон бүтээн байгуулалтын төслүүд үе шаттай хэрэгжиж, баруун бүсийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэх ажил үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй авто замын төслүүд нь сумдыг хатуу хучилттай авто замаар холбох, хил боомтуудын хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар ОХУ, БНХАУ-ыг холбосон олон улсын тээвэр, логистикийн шинэ коридор бүрдүүлэх зорилготой юм.
Тухайлбал, Солонготын давааны 12.08 км хатуу хучилттай авто замын барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Төслийн ажил 2025 онд эхэлсэн бөгөөд 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Одоогоор төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж, гэрээ байгуулах шатанд байна.
Арцсуурь хилийн боомт хүрэх 159.9 км хатуу хучилттай авто замын төслийн эхний хэсэг болох 16.6 км замын барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Төслийн ажил 2025 онд эхэлсэн бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Улиастай-Алтай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замын төслийн хүрээнд Улиастай–Цагаанхайрхан чиглэлийн 40 км замын барилгын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлжээ. Төслийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн Алтай-Цагаанчулуут чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2026 оны эхээр бэлтгэл ажлыг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Түүнчлэн Улиастай-Ховд (Дөргөн) чиглэлийн хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажил үргэлжилж байна.
Цаашид Улиастай-Баянхонгор чиглэлийн авто замын сүлжээг бий болгож, улмаар түүнээс Отгонтэнгэр хайрхан хүртэл хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөжээ. Мөн Отгонтэнгэр хайрхны ар, хойд хэсгийг хатуу хучилттай замаар холбох асуудлыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан судалж байгаа аж.
Аймгийн төв Улиастай хотод дотоодын авто замын сүлжээг өргөтгөх хүрээнд 15 км хатуу хучилттай авто зам шинээр барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
Завхан аймагт хэрэгжиж буй эдгээр төслүүд нь баруун бүсийн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, сумдын хүртээмжийг сайжруулах, аялал жуулчлалын урсгалыг өсгөх, хил орчмын худалдаа, тээврийн боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 2026 онд аймагт авто зам, эрчим хүч, логистик, боомтын дэд бүтцийн хэд хэдэн төсөл зэрэг хэрэгжиж байгаа нь бүсчилсэн хөгжлийн бодлогын бодит үр дүн болж байгааг аймгийн удирдлагууд онцолжээ.
Баруун босоо тэнхлэгийн авто замын сүлжээг өргөтгөх хүрээнд Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлд 157 км хатуу хучилттай авто зам шинээр барихаар төлөвлөж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Энэхүү зам ашиглалтад орсноор баруун болон хойд бүсийн аймгуудын харилцаа холбоо сайжирч, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжууд нээгдэх юм.