Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улиастай, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн дөрвөн сургууль, нэг цэцэрлэгт хэрэгжүүлж буй хүүхдийн харааны эмгэгийг эрт илрүүлэх төслийн үзлэгт хамрагдсан сурагчдын 45 хувь нь харааны өөрчлөлттэй байна.
Энэ нь хүүхдийн харааг тогтмол шалгаж, эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, тусламжийг цаг алдалгүй үзүүлэх хэрэгцээ байгааг харуулж байна.
Энэхүү төсөл нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоог дэмжих зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний чиглэлтэй уялдаж байгаагаараа ач холбогдолтой. “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг Орбис олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар хамтран 2024 оноос хэрэгжүүлж буй талаар Завхан аймгийн Боловсролын газрын сургалтын орчин, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах арга зүйч Э.Баярцэцэг мэдээллээ.
Төслийн хүрээнд Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан зэрэг 530 гаруй хүнд “Хараагаа хамгаалъя” сургалт, мэдээлэл хүргэжээ. Мөн хүүхдийн харааг шалгах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үе шаттай хангаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчтэй хамтран сурагчдыг үзлэгт хамруулж байна. Үзлэгээр харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдэд хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй шил олгожээ.
Төсөлд Улиастай сумын Чандмань-Эрдэнэ, Жавхлант цогцолбор сургууль, Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургууль, Идэр сумын ерөнхий боловсролын сургууль, Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэг хамрагдаж байна.
Хүүхдийн харааны өөрчлөлт нь суралцах үйл явц, хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс хүүхэд ном, дэлгэцийг нүдэндээ хэт ойртуулах, нүдээ онийлгох, самбарын бичиг харахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар анхаарч, мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг Э.Баярцэцэг зөвлөлөө.
Тэрбээр хүүхдийн харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь харааны эрүүл мэндийг хамгаалахаас гадна суралцах боломж, амьдралын чанарыг сайжруулах ач холбогдолтойг онцоллоо.

