Улсын харцага Б.Бат-Өлзийг Prado120 машинаар байлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-25 09:36:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний Хэрэй аймаг, Ботахара-Нура омгоос гаралтай Хазыбайн Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулсан ургийн баяр өнөөдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Шар нуур хэмээх газарт болов.

Ургийн баяр нь таван авто машины шагналын сантай бөгөөд үндэсний бөхийн барилдаан, их насны морины уралдаан, харилцаа дуу /айтыс/, бод мал өргөх, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/, мөнгө шүүрэх /тенге илу/ зэрэг  тэмцээн боллоо.

Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Анар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ.

Харин Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арлсан Н.Мустафа үзүүрлэж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай нар шөвгөрөв.

Зохион байгуулагчид ургийн баярын түрүү бөхийг Toyota Prado120, үзүүрлэсэн бөхийг Toyota Prius30 машинаар, шөвгөрдсөн бөхчүүдийг Mustang5 маркийн мотоциклоор тус тус байлав.

Холбоотой мэдээ