Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ШЭНЬЖЭН, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /Reuters/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт анх удаагаа гурван талын уулзалт хийж, “Энх тайвны тунхаглал” баталсан тухай Хятад, Оросын тал мэдээлжээ. Уг тунхаглалд цөмийн дайнд ялагч гэж байхгүй, цөмийн дайныг хэзээ ч гаргаж болохгүй гэдгийг гурван улсын удирдагчид дахин нотолсон байна.
Тунхаглалд мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд тус гурван улс нь НҮБ-ыг шинэчлэх үйл явцыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Шинэчлэл хийснээр НҮБ дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудад илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авч, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн зорилгодоо нийцнэ гэж үзэж байна.
Мөн бүх улс орны ашиг тусын тулд газрын тосны боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх амлалт хүлээсэн байна. Түүнчлэн улс орнуудын зөвшилцлийн зарчим, төрийн албан тушаалтнуудын халдашгүй дархан эрхийг хүндэтгэх нь суурь ач холбогдолтой болохыг онцлоод, Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй адилтгах бусад байгууллагууд бүрэн эрхээ урвуулсан ашиглах ёсгүй гэдэгт санал нэгджээ.
Уг баримт бичгийг БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг болон Кремлийн хэвлэлийн алба нийтэлжээ. Уулзалтын дараа гурван улсын удирдагчид мэдэгдэл хийгээгүй бөгөөд Д.Трамп АНУ-ыг зорьсон байна.
Цөмийн зэвсэгтэй дэлхийн хамгийн том гүрнүүдийн удирдагчид БНХАУ-ын өмнөд нутгийн Шэньжэн хотод, нуурын эрэгт ой модоор хүрээлэгдсэн толгодын дунд орших харшид дугуй ширээний ард суухдаа энэхүү уулзалтыг түүхэн үйл явдал хэмээн тодорхойллоо.
“Бид үнэхээр түүх бүтээж байна. Яриа хэлэлцээ хийх боломжоос нүүр буруулснаар энх тайвныг тогтоосон тохиолдол урьд өмнө хэзээ ч байгаагүй" хэмээн Д.Трамп уулзалтын эхэнд сэтгүүлчдийг танхимаас гарахыг хүсэхийн өмнө Ши Жиньпин, Владимир Путин нарт хандан хэлжээ.
Украин, Иран болон худалдааны асуудлаарх санал зөрөлдөөн
Крымийг Оростой холбодог стратегийн гол гүүр ихээхэн сүйдэж, Украинд явуулж буй дайндаа хүндхэн цохилт амсаад буй В.Путин бүс нутгийн мөргөлдөөнүүдийг, тэр дундаа Украины дайныг зохицуулахад гурван улсад "нийтлэг ашиг сонирхол олон бий" гэж мэдэгджээ.
Харин Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нараас ялгаатай нь Украины талаар шууд дурдсангүй. Тэрбээр “Их гүрнүүд эв найртай оршвол дэлхий дахин амгалан тайван байна. Харин их гүрнүүд сөргөлдвөл дэлхий ертөнц үймээн самуунд автдагийг түүх бидэнд харуулдаг” хэмээн хэлсэн байна.
Гурван улс Украин, Иран, цөмийн зэвсэг болон худалдааны асуудлаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа нь уулзалтын үеэр хүрсэн тохиролцоо урт хугацаанд хэрэгжих эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон энэхүү уулзалт нь томоохон гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, эрх ашгийг нь орхигдуулж болзошгүй хэмээн болгоомжилж буй жижиг улсууд түгшээлээ. Гурван талын уулзалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай тусдаа уулзахдаа хоёуланг нь анд найз хэмээн нэрлэсэн юм.
Ираны дайны улмаас тээвэрлэлт нь тасалдаад буй Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны урсгалыг хэвийн үргэлжлүүлэх нь нэн чухал гэдэгт Ши Жиньпин бид хоёр санал нэг байгаа гэж Д.Трамп мэдэгдэв. Харин Ши Жиньпин хэлсэн үгэндээ Ираны талаар шууд дурдсангүй.
"Хятад, Орос, АНУ гурван улс мөргөлдөөнд оролцогч талуудыг хэлэлцээний ширээний ард суухыг үргэлжлүүлэн дэмжиж, маргаантай асуудлыг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхэд нь туслах ёстой” гэж Ши Жиньпин хэлжээ.
Удирдагчдын уулзалт болсон “Цилинь” харш нь дипломат харилцааны эмзэг асуудлаарх уулзалтуудыг зохион байгуулж ирсэн арвин түүхтэй газар юм. Тус харшид Умард Солонгосын удирдагч агсан Ким Жөн Ил, Ши Жиньпиний эцэг Ши Жүншүнь болон Далай ламын төлөөлөгчид зочилж байжээ.
Ёслол төгөлдөр угталт
Д.Трамп "Fox News" сувагт ярилцлага өгөхдөө дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирэхэд нь өөрийг нь сүр жавхлантай угтсаныг онцолжээ. Түүнийг угтах ёслол В.Путин зэрэг бусад удирдагчдыг харьцангуй даруухан угтсанаас эрс ялгарч байв. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ хүрэлцэн ирэхэд ямар ч угтах ёслол зохион байгуулсангүй.
Хятад улс Тайваньд цэргийн ажиллагаа явуулж, энэ нь Японы нутагт аюул учруулбал цэргээ хөдөлгөнө гэж Т.Санаэ өнгөрсөн онд мэдэгдсэнээс хойш Япон, Хятадын харилцаа муудаад байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтын туршид ганцаардмал харагдаж байсан Т.Санаэ Тайванийн талаарх Японы байр суурь 1972 оноос хойш өөрчлөгдөөгүй гэж мэдэгджээ.
Тайванийн талаар Ши Жиньпин Д.Трампад хандан хэлэхдээ, хоёр орны харилцааг хойш татахаас сэргийлэхийн тулд АНУ “зөв алхам хийх” ёстой гэсэн байна.
Ши Жиньпин нисэх онгоцны буудалд Д.Трампыг биечлэн угтан авсан нь БНХАУ-ын удирдагч болсноосоо хойш айлчлалаар ирж буй гадаадын удирдагчийг нисэх онгоцны буудалд угтсан анхны тохиолдол болжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Эндрюс цэргийн баазад болсон сүүлчийн уулзалтын үеэр Д.Трамп өөрийг нь угтсаны хариуд ийнхүү угтжээ.
"Тэр бол агуу удирдагч, Хятадын агуу удирдагчдын нэг. Тэр өмнө нь хэзээ ч хэн нэгнийг угтахаар нисэх буудал руу очиж байгаагүй" Д.Трамп хэлээд, энэ бол Хятад, АНУ-ын аль алиных нь хувьд “ялалт” боллоо хэмээн онцолжээ.
Ши Жиньпин, В.Путин нар барууны орнуудын худалдааны "протекционизм" болон хориг арга хэмжээг шүүмжлэн хатуухан үг хэлсний дараа Д.Трамп хүрэлцэн ирсэн юм.
Пүрэв гарагт болсон АПЕК-ийн хуралдааны үеэр Ши Жиньпин “чөлөөт, нээлттэй” худалдааг дэмжихийг уриалав. Харин Өрнөдийн орнууд хэрэглэгчдээс илүүтэй аж үйлдвэрийн хүчин чадлыг дэмждэг Хятадын хөгжлийн загварыг шударга бус бөгөөд дэлхийн худалдааны тэнцвэрийг алдагдуулж байна хэмээн шүүмжилдэг.
В.Путин Ази, Номхон далайн бүс нутгийн хүнс, эрчим хүчний аюулгүй байдалд ОХУ гол үүрэг гүйцэтгэдэг болохыг онцолсон бол завсрын сонгуульд ялагдал хүлээж, "Nvidia"-гийн тагнуулын дуулианаас болж хүнд байдалд ороод буй Д.Трамп үг хэлэхдээ, АНУ олон зуун жилийн турш Номхон далайн бүс нутгийн гүрэн байсаар ирсэн гэж мэдэгдсэн байна.
Цөмийн зэвсгийн асуудлаарх амаргүй хэлэлцээ
АНУ, Орос хоёртой харьцуулахад хамаагүй бага цөмийн зэвсгийн нөөцтэй БНХАУ ийм төрлийн хэлэлцээнд нэгдэхээс удаа дараа татгалзаж ирсэн хэдий ч Д.Трамп цөмийн зэвсгийг хянах асуудлыг энэхүү дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болгохыг шаарджээ.
Д.Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпин, В.Путин нарт хандан хэлэхдээ “Цөмийн зэвсгээс татгалзах амаргүй” гэсэн байна.
Энэ сард АНУ, Хятадын худалдааны түр хэлэлцээрийн хугацааг сунгасны дараа Д.Трамп, Ши Жиньпин нар уулзлаа. Түүнчлэн "Nvidia"-гийн чипүүдийг Зүүн Өмнөд Азиар дамжуулан Хятад руу хууль бусаар нийлүүлсэн гэх мэдээллээс үүдэлтэй хоёр улсын хоорондын зөрчил нэмэгдээд байгаа нь АНУ-ын экспортын хязгаарлалт үр дүнтэй байгаа эсэхэд, мөн Хятад улс цаашид дэшилтэт чип авч чадах эсэхэд эргэлзээ төрүүлээд байна.