Ахмадын тасгийн орны тоог 12 болгон нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-15 09:20:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр  орны тоог нэмэгдүүлж 12 болгосон талаараа удирдлагууд нь танилцууллаа. 

Хуучин зургаан ортой, таван давхарт байсан тус тасаг ариун цэврийн өрөөний хүртээмж бага, өндөрт ахмадуудын даралт ихсэх магадлалтай, орчин тохирохгүй учир нэгдүгээр давхарт шилжүүлжээ. Энэ жилийн есдүгээр сарын нэгнээс эхлэн нэгдсэн эмнэлэг зургаан туслах сувилагч ажиллуулж эхэлсэн бөгөөд ахмадын тасагт туслах сувилагч Н.Шижиртуяа дагнан ажиллаж байна. Ахмадуудад дасгал хөдөлгөөн хийлгэж, асаргаа сувилгаа хийх, гар, хөл, толгойг угаахаас эхлээд эмчилгээнд хөтөч болох гээд түүний ажил барагдахгүй гэдгийг Нэгдсэн эмнэлгийн  дарга Т.Урнаа ярьж байлаа. Тус тасагт эрэгтэй 60 наснаас, эмэгтэй 55 наснаас дээш ахмадуудыг хүлээн авдаг. Хэвтэн эмчлүүлье гэвэл НЭ-ийн Ахмадын эмчид үзүүлэн өвчний оношоор хэвтдэг гэнэ. Хэвтэн эмчлүүлэгчийг 10 хоногийн хугацаанд эмийн эмчилгээнээс гадна сэргээн засах эмчилгээ, бариа засал, уламжлалт эмчилгээгээр эмчилдэг аж.

Уулзалтын үеэр НЭ-ийн дарга 1980 онд анх авсан мэс заслын ор хуучирч муудсан, мэс заслын багаж зэвэрсэн, хүчилтөрөгчийн баллон дутагдалтай байдаг талаар аймгийн даргад уламжилж шийдвэрлэж өгөхийг хүсэв.

 

Холбоотой мэдээ