Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноожээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-08-07 10:12:36

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож 7 жилийн хорих ял оногдуулжээ. Ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх болжээ. 

Мөн түүнээс 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш. Баярсайханд олгуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгов. Тодруулбал, Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан  болон шүүхийн хэлэлцүүлэг,  шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж ирүүлсэн байдаг. Энэ хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 5-6-нд хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргаад байна. 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ