Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

БРЮССЕЛЬ, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /Kazinform/. Өчигдөр Брюссель хотод Европын Холбоо-Их Британийн дээд хэмжээний II уулзалт эхэллээ.
Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнем пүрэв гаргийн орой Бельгийн нийслэлд хүрэлцэн ирж, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нартай уулзсан байна.
Энэ удаагийн саммит бол Их Британи улс Европын Холбооноос гарснаас хойш болж буй хоёр дахь уулзалт юм. Эхний уулзалт 2025 оны тавдугаар сард Лондон хотод болж, талууд стратегийн шинэ түншлэлийн асуудлаар зөвшилцөн тохиролцжээ.
Кир Стармер Их Британийн Ерөнхий сайдаас огцорсны дараа хойшлогдоод байсан энэ удаагийн уулзалтаар Брекситийн санал асуулга болсноос хойш 10 жилийн дараа хоёр талыг ойртуулахад чиглэсэн практик алхмуудыг хэлэлцэх юм.
Хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хилийн хяналт шалгалтыг зөөлрүүлэх, хүнсний ба мал аж ахуйн бүтээгдэхүүнд олгох сертификатын тоог цөөрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлын квот арилжаалах тогтолцоог уялдуулан зохицуулах, залуучуудын солилцоо, шилжилт хөдөлгөөний боломжуудыг судлах, хууль бус цагаачлал ба гэмт хэрэгтэй тэмцэх болон эрчим хүч, уур амьсгалын асуудлууд оржээ.
Энэ оны 7 дугаар сард ерөнхий сайдаар томилогдсон Энди Бёрнем саяхан мэдэгдэхдээ “Брекситийн хэлэлцээрийг өнөөгийн хэлбэрээр баталсан нь эдийн засагт хохирол учруулсан” гээд “Их Британи улс илүү ихийг хүртэх боломж бий” гэсэн юм. Тухайлбал, фермерүүд болон хүнсний үйлдвэрийн салбарт учирч буй хүнд суртлыг багасгах асуудлаар тохиролцоонд хүрснээр Британийн эдийн засаг 0.4 хувиар тэлэх боломжтой ажээ. Түүний хэлснээр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний асуудлаар гэрээ байгуулсан тохиолдолд Их Британи улс жилд 5.1 тэрбум еврогийн нэмэлт орлого олно.
Дээд хэмжээний уулзалтын дүнгээр Хамтарсан тунхаглал гаргах төлөвтэй байна.