Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хүмүүнлэгийн хэргийн үйл баримтыг цуглуулах олон улсын комиссын 2027-2032 оны гишүүнийг сонгох сонгууль энэ сарын 20-нд Швейцарын Холбооны Улсын Берн хотноо боллоо.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг тус байгууллагын ээлжит сонгуульд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Польш, Алжир, Чили, Швед, Швейцар, Португал, Бельги, Того, Словак, Мадагаскар зэрэг 23 улсын төлөөлөгч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Э.Батзориг тус комиссын гишүүнээр сонгогдов.
Ийнхүү Монгол Улсын нэр дэвшигчид тус байгууллагын гишүүнээр 2021-2026, 2027-2032 онд тус тус сонгогдож ажилласнаар манай улс олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх үүрэг амлалтаа биелүүлэхэд чухал алхам болж, зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд улс орнуудыг дэмжих, олон талт хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах боломж бүрдэж буй юм.
Хүмүүнлэгийн хэргийн үйл баримтыг цуглуулах олон улсын комиссын сонгуульд манай улс хоёр дахь удаагаа амжилттай оролцсон нь Монгол Улс олон улсын эрх зүй, тэр дундаа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх идэвхтэй бодлого баримтлан ажиллаж буйн бодит илрэл болж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.