Аймгийн Онцгой комиссоос сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-30 20:20:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ үеэр улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг суманд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт сэжигтэй болон голомтот бүсээс ирсэн 729 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдсан байна. Үүн дээр 4 мянга гаруй хүн нэмэгдэж ирэх учраас халдвар хамгааллын дэглэмийн сайтар сахиулж, гэрийн хориог чанд мөрдүүлэн хариуцлагатай, хянамгай байхыг сумдад сануулав. Өвөрхангай аймагт ирэхээр 4576 хүн бүртгүүлсэн бөгөөд энэ тоог Засаг даргын зүгээс бодит бус хэмээн үзэж байгаа юм. Тиймээс багийн Ажлын албыг дайчлан өнөөдрийн дотор мэдээлэхийг сумдын удирдлагуудад үүрэг болгоод байна. Хэрэв ирэх иргэдийнхээ тоог дутуу гаргаад хараа хяналтаа алдаж, халдвар тархаах эрсдэлд орвол хатуу хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.

Мөн цахим хурлаар малчдын нөхцөл байдлыг утсаар холбогдон лавлаж асуух, суманд отрын штаб байгуулах, мал тооллогын бэлтгэл ажлыг зохион байгуулах, хоол хүнсний дутагдалтай зорилтот бүлгийн хүүхдүүдийн судалгааг гаргах гэхчлэн олон асуудлаар заавар зөвлөгөө өглөө. Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, БСУГ, ХХААГ, Цэргийн штабаас сумдын удирдлагуудын асуултад хариулан мэдээлэл, аргазүйгээр хангаж, хариуцсан ажлынхаа хүрээнд үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ