Тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-03 15:40:29

Ховд/МОНЦАМЭ/. Тусгай зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл Ховд аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт саадгүй зорчино.

Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сум хооронд зорчих иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хязгаарласан. 

Гэвч Жаргалант сумын нутаг дэвсгэрт ялангуяа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн төдийлөн хязгаарлагдахгүй байгаа учраас Шуурхай штаб, Онцгой комисс, Цагдаагийн газраас хэд хэдэн зохицуулалтыг өнөөдөр хийлээ.

Тодруулбал, хүнс тээвэрлэх тээврийн хэрэгсэлд "А" зөвшөөрөл олгож байна. Мөн дулаан, эрчим хүч, ус, хот тохижилтын үйлчилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд "В" зөвшөөрөл, төрийн үйлчилгээний зарим тээврийн хэрэгсэлд "С" зөвшөөрөл олгож, хөдөлгөөнийг зохицуулахаар боллоо.

Тусгай зөвшөөрөлтэй автомашины тоо хязгаартай байна.

Энэхүү зөвшөөрөл нь ямар нэгэн төлбөр, хураамжгүй. Гагцхүү иргэдэд үйлчлэх дэлгүүрт шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн хүргэж, хангалтыг нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, хог хаягдалтай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чиглэх аж.

Мөн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газрын дуудлагын тээврийн хэрэгсэл ямар нэгэн саадгүй зорчих ба "тусгай зөвшөөрөл" авах шаардлагагүй гэж албаны эх сурвалж онцоллоо.  

Холбоотой мэдээ