Зүүн аймгууд руу зорчих жолооч нараас шинжилгээ авах цэгийг Улаанбаатар хотын зүүн захад байгуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-03 21:32:35

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн сард Монгол Улсын Шадар сайдад хүсэлт тавьснаар зүүн аймгууд руу зорчих ачаа тээврийн жолооч нараас шинжилгээ авах цэгийг Улаанбаатар хотын зүүн захад байгуулахаар болжээ. 

Учир нь орон нутаг руу ачаа тээвэрлэх жолооч нар шинжилгээ өгөхийн тулд хот доторх зорчих хөдөлгөөнд оролцож байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс зүүн бүсийн аймгууд руу зорчих жолооч нараас шинжилгээ авах цэгийг Улаанбаатар хотын зүүн захад байгуулах, зөвшөөрөгдсөн хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг түргэн муудах, хадгалалт тээвэрлэлтийн тодорхой горим шаардагдах ачаа тээвэрлэх жолооч нарын шинжилгээний хариуг өдөрт нь гаргаж өгөх шаардлагатай байгаа талаараа Шадар сайдад хандсан байна. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны 12-р сараас энэ оны хоёрдугаар сарын 5-ны хооронд гэхэд Дорнод аймагт бусад аймаг хот, нийслэлээс 8000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Мөн хүнс, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэх болон эрүүл мэндийн шалтгаантай, албан томилолттой, буяны ажилд оролцох зэрэг зайлшгүй шалтгаанаар өдөр тутам 100 гаруй тээврийн хэрэгсэл Дорнод аймгийн төв болон сумд руу нэвтэрч байна гэж Шуурхай штабаас мэдээллээ.  

Түүнчлэн хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймагт коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус аймгуудтай хил залгаа Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баян-Уул суманд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхлэв.

Холбоотой мэдээ