ДГХБО-уудын мэргэжилтнүүдийн чадавхжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-21 16:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) Олон улсын судалгааны төв (ОУСТ) болон НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичгийн хүрээнд ДГХБО-уудын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх юм. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа урилгаар оролцож үг хэлсэн. Тэрбээр, дэлхий дахинаа тулгамдаад буй коронавирусний халдвар болон Европ дахь нөхцөл байдлын нөлөөгөөр ДГХБО-уудын худалдаа, хөгжлийн асуудалд урьд урьдынхаас илүү хүндрэл тулгарч буйг онцлоод, түүнийг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, туслалцаа ихээхэн чухал болохыг илэрхийлэв. Мөн Монгол Улс ДГХБО-уудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг олон улсын давцанд хүргэхэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглээд, үүний илрэл нь ДГХБО-уудын ОУСТ-ийг үүсгэн байгуулах санаачилгыг Монгол Улсын Засгийн газар гаргаж, тус судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулан дэмжиж ирсэн болохыг онцлов.


Ёслолын ажиллагаанд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улсуудын асуудал хариуцсан дээд төлөөлөгчийн газрын албан тушаалтнууд болон Женев дэх ДГХБО-уудын Байнгын төлөөлөгч нар оролцов.


Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь хөгжиж буй улсууд юм. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж 1 хувь болно.

Холбоотой мэдээ