Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 17:25:21

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.


Уг тогтоолд Төсвийн байнгын хороо 12 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байв.


“Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх төрийн аудитын сэдэв”-ийн талаар Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулахдаа, “Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд, бодлогоор гүйцэтгэх аудитын 28 сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төсвийн тухай хуульд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны 1 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж хүргүүлнэ гэжээ.


УИХ-ын хяналт, шалгалтын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл”, "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”, “Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” сэдвээр аудит хийнэ. Эдгээр сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагт дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж гүйцэтгэхийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.


Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Ахмад настны тухай хууль баталснаас хойш Ахмадын сан байгуулах нь учир дутагдалтай, хэрэгжилт хангалтгүй байна. Хуульд Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулах бөгөөд сан ажиллуулах журмыг Засгийн газар батална гэжээ. Иймд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгааныг тодруулахаар аудит хийнэ хэмээн хариуллаа.


УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Оюутолгой” компанийн зээлийн ашиглалт, үр дүн, гэрээний хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг лавлахад Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Оюутолгой компанид төрийн аудит хийсэн. Аудитын баг тус компанийн үйл ажилгааны зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, тодорхой хэмжээний ам. долларын акт, албан шаардлага тавьсан гэв.


Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, үнэ тогтворжуулахаар төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, нефть боловсруулах үйлдвэрийн явц, зээлийн зарцуулалт, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалтад өмнө нь аудит хийсэн эсэх талаар тодрууллаа.


Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Я.Самбууням, “Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, үнэ тогтворжуулахаар төрөөс олгож буй татаас, нөхөн олговорт төрийн аудит хийгээгүй. Харин эрчим хүчний салбарын үнэ, тариф зохицуулалтын талаар 2019-2021 оныг хамруулсан аудитыг 2022 онд, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудлаар 2018-2020 оныг хамруулж Монголбанканд 2021 онд аудит хийсэн гэлээ.  


Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, ХХААХҮЯ-ны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацийн үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангууд, төр, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 



Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулахар төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжив. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа, хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган Аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжив.


Үргэлжлүүлэн Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.  

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд "Хорооны даргад УИХ-ын дарга, гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно" гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. 


Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс "Нэр дэвших тухай хүсэлтийг энэ сарын 18-ны өдөр" хэмээн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжжээ.


Тогтоолын төсөлд СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтииг энэ сарын 5-18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг бүртгэхээр тусгасныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 



Холбоотой мэдээ