Герман, Нидерландын америк хөл бөмбөгийн тоглолтыг цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-18 13:54:21

ГАННОВЕР. /Reuters/. Бөмбөг дэлбэлэхээр төлөвлөсөн байх магадлалтай хэмээн үзэж, Герман, Нидерландын америк хөл бөмбөгийн тоглолтыг эхлэхээс нь хоёр цагийн өмнө цуцаллаа. Уг тоглолтыг Германы Канцлер Ангела Меркель үзэх байсан юм.

Герман, Францын хооронд америк хөл бөмбөгийн тоглолт болж байсан цэнгэлдэх хүрээлэн Парисын халдлагад өртөж, амиа золиослогч халдлага үйлдсэнээс хойш дөрөв хоногийн дараа  уг тоглолт болох байсан юм.

“Тэсрэх бодис бүхий халдлага төлөвлөсөн гэх тодорхой шинж тэмдэг илрүүлсэн. Тиймээс нухацтайгаар хүлээн авч, сэргийлэх арга хэмжээ авлаа” Ганновер хотын Цагдаагийн газрын тэргүүн Фолькер Клуве хэлсэн байна.

“Цэнгэлдэх хүрээлэнд ямар нэг зүйл төлөвлөсөн этгээдүүдэд өөр төлөвлөгөө байсан эсэхийг бид мэдэхгүй байгаа учир хот даяар ажиллахыг хичээж байна” гэж тэрбээр хэлжээ.

“Аюул бодит байсан тул тоглолтыг цуцалсан нь зөв байсан юм” гэж Дотоод хэргийн сайд Томас де Мезьер хэлээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Баасан гарагт Парист халдлага гарснаас хойш Ганноверт аюулгүй байдлыг чангатгасан байна. Эв санаа нэгтэй гэдгээ харуулах үүднээс Германы Канцлер Ангела Меркель, Дэд Канцлер Зигмар Габриель болон хэд хэдэн сайд уг тоглолтыг үзэх байсан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ