Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

БЕЛГРАД, 2026 оны арваннэгдүгээр сарын 28 /Kaзинформ/. Сербийн парламентын сонгуульд ялсан оюутны хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулжээ. Ирэх сарын 27-нд хугацаанаас өмнө болох ерөнхийлөгчийн сонгуульд тус хөдөлгөөнийг Белградын их сургуулийн 65 настай профессор Радомир Саичич төлөөлөн оролцохоор болсон тухай “Ассошиэйтед Пресс” (Associated Press) агентлаг мэдээлжээ.
Радомир Саичич нь Белградын их сургуульд органик химийн хичээл заадаг, Сербийн Шинжлэх ухаан, урлагийн академийн гишүүн ажээ.
Тэрбээр мөн аравдугаар сарын 25-нд болсон парламентын сонгуульд оюутны хөдөлгөөний нэр дэвшигчдийн жагсаалтаар өрсөлдөж, парламентад сонгогдсон байна.
Р.Саичич нэр дэвшиж буйгаа зарлах үеэрээ ерөнхийлөгчийн албан тушаалын нэр хүндийг сэргээж, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллахаа мэдэгджээ.
Түүний үзэж буйгаар, Сербийн төрийн тэргүүн асан Александр Вучич ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж байсан аж.
“Сүүлийн арван жилд хууль дээдлэх зарчим алдагдаж, авлига газар авч, үзэн ядалтыг өдөөсөн үг хэллэг давамгайллаа” гэж Р.Саичич мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн болгож, иргэдийн төрийн байгууллагуудад итгэх итгэлийг сэргээхийг зорьж байгаагаа илэрхийлжээ.
Аравдугаар сарын 25-нд болсон парламентын ээлжит бус сонгуульд оюутны хөдөлгөөн ялснаар Р.Саичичийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна.
Сербийн Сонгуулийн хорооны эцсийн дүнгээр “Оюутны жагсаалт - Оюутнууд ялж байна” эвсэл сонгогчдын 53.01 хувийн саналыг авсан бол “Александр Вучич - Нэгдмэл Серби” эвсэлд 38.98 хувь нь санал өгчээ.
Улс төрийн энэхүү хөдөлгөөн 2024 оны 11 дүгээр сард Нови-Сад хотын төмөр замын буудлын барилгын дээврийн саравч нурж, 16 хүн амиа алдсаны дараа эхэлсэн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр бий болсон байна.
Жагсагчид уг ослыг вокзалын барилгыг засварлах ажлын явцад гарсан байж болзошгүй авлига, зөрчилтэй холбож байв.
Хоёр шахам жил үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа оюутнуудын дэмжлэгтэй улс төрийн хүчин парламентын сонгуульд ялснаар Сербийн Дэвшилтэт намын олон жилийн ноёрхол эцэс болжээ.
А.Вучич парламентын ээлжит сонгуульд оролцохын тулд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа есдүгээр сарын 27-нд мэдэгдсэн билээ. Гэвч түүний тэргүүлдэг улс төрийн хүчин сонгуульд ялагдсан юм.
Ийнхүү Сербид ерөнхийлөгчийн сонгуулийг 12 дугаар сарын 27-нд хугацаанаас өмнө явуулахаар товложээ.
Сербийн Ерөнхийлөгч гол төлөв төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бол гүйцэтгэх эрх мэдэл нь үндсэндээ Засгийн газар болон Ерөнхий сайдын гарт төвлөрдөг байна.
“Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, А.Вучич өөрийн намыг ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох (сонгуульд оролцохоос татгалзах) боломжтойг үгүйсгээгүй байна. Р.Саичичийг нэр дэвшигчээр зарлах үед удахгүй болох сонгуульд өрсөлдөх бусад нэр дэвшигч хараахан тодроогүй байжээ.