Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны УИХ-ын асуулгын цагаар “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвийг хөндөв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 1995 онд баталсан Төрийн нууцын тухай хуулиар төрийн нууцын жагсаалыг УИХ баталдаг, хуульгүйгээр аливаа мэдээллийг нууцлахыг хориглоно гэсэн заалттай байсныг сануулж, 2016 онд шинэчлэн баталсан хуулиар УИХ зөвхөн нууцын ерөнхий ангиллыг тогтоож, нарийвчилсан жагсаалтыг бол Засгийн газар, албаны нууцын жагсаалтыг сайд, байгууллагын дарга баталдаг, жагсаалтад ороогүй мэдээллийг байгууллага өөрөө нууцалж болдог байхаар хуульчилснаас бол буруу, зөрүү гэрээ олноор хийсэн гэж хардаж байгаагаа хэлсэн юм.
Тэрбээр УИХ дахь цөөнхийн бүлгийн даргын хувьд гол асуултыг тавьж, Ерөнхий сайд Н.Учралтай мэтгэлцлээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, ногоон автобус, Эрдэнэс Оюутолгой компанийн санхүүжилт, ковидын үеийн зарцуулалт зэрэг асуудал төрийн нууц байсан, эсэхийг тэрбээр эхний ээлжид асууж, Тагнуулын ерөнхий газрын илрүүлсэн 882 мэдээллийн 274 нь буюу 31 хувь нь үндэслэлгүй нууцалсны цаана хэчнээн нь гэмт хэргийн шинжтэй, хэдийг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, ямар албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай тодруулав.
Ерөнхий сайд Н.Учрал аливаа асуудлыг нээлттэй байлгахын төлөө байгаагаа хэлж, Засгийн газраас боловсруулж буй Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд албаны нууц гэсэн ойлголтыг бүрэн халах, төрийн нууцыг зөвхөн УИХ хуулиар тогтоодог байх, байгууллагууд дур мэдэн нууцын тамга дардаг байдлыг зогсоохоор тусгаж буйг танилцуулав. Мөн төрийн нууц гэх халхавч дор олон хууль бус үйлдэл явагдсаныг таслан зогсооно гээд нууцаас гаргасан 274 мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт явагдаж байгаа гэдгийг хэллээ.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын өртөг, нүүрс нийлүүлэх гэрээнүүдийн үнэлгээ, Үндлэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжүүдийг цөөнхийн бүлгийн дарга сөхөж, 22.4 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллароор нийлүүлэхээр тооцсон нь улсын эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүйг онцлов. Мөн хотын дарга асан Х.Нямбаатарын олон нийтэд мэдээлсэн 110 сая ам.долларын авлигын асуудлаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа, төрийн өмчит компаниудад аудитын шалгалтаар илэрсэн 8.4 их наяд төгрөгийн зөрчилд холбогдох албан тушаалтнуудыг намын томилгоогоор томилсон эсэхийг асууж, хариулт авлаа.
Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой хэдэн мянган хуудас гэрээ, материал нууцаас гарсныг Ерөнхий сайд Н.Учрал онцолж, ҮАБЗ-ийн зөвлөмжүүдийг ил болгох ажлыг эхлүүлээд байна гэлээ. Хотын дарга асан Х.Нямбаатарын дэлгэсэн бүх материалыг хууль хяналтын байгууллагад өгөөд байгаа гэдгийг тэрбээр хэлж, төрийн өмчит компаниудын захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог болох, компаниудын тодорхой хувийг хөрөнгийн биржээр борлуулах бодлого хэрэгжүүлнэ гэлээ.
Дараа нь УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, Д.Батбаяр, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, С.Цэнгүүн, Ц.Баатархүү, Б.Жаргалан нар асуулт тавив. УИХ-ын гишүүд Засгийн газрын тэргүүн болон сайд нарыг иргэдэд ширүүн дориун хандахгүй байх, төрийн нууцад авсан луйврын гэрээ болон төрийн өмчит компаниудын асуудлаар бодитойгоор хариуцлага тооцож ажиллах, Оюутолгой ХК-тай холбоотой мэдээллийг ил болгох, албан тушаалын гэмт хэрэг хэрэг үйлдсэн хүмүүсийг хаацайлахгүй байх, нууцалсан гэрээнүүдийг ил болгох ажлыг эрчимжүүлэх, ил болгосон мэдээллийн мөрөөр дорвитой арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлыг хөндөв.
Ерөнхий сайдын мэдээлснээр төрийн өмчийн компаниуд болон хууль бус гэрээтэй холбоотой нийт 105 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Мөн энэ ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хугацаатай үүрэг, даалгавар өгч, шахаж ажиллаж байгаагаа тэрбээр танилцуулав.
УИХ дахь олонхын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, 16-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд халамжийн тогтолцооноос орхигдож буй асуудлыг хөндөв. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгоход 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүрэн хамруулахаар хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэдэд асран хамгаалагчийг шар үнэмлэх олгоно гэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн орон сууцнаас олгох квот 5.0 хувь байсныг 10.0 хувь болгон нэмэгдүүлж буйг мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар парламент дахь цөөнхийг төлөөлөн асуулт тавилаа. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох, нөхөн сэргээх, хариуцлага тооцох ажлын явц болон байгаль орчны салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх талаар ямар ажил хэрэгжүүлж буйг асууж, байгаль орчны салбар бол улс орны ирээдүй, оршин тогтнохтой холбоотой үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг тодотгов.
Нөмрөгийн дархан цаазат газарт нийт 484.4 мянган га талбай түймэрт өртсөн, хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 3.35 их наяд төгрөгөөр үнэлэгдсэн гэдгийг Ерөнхий сайд мэдээлж, энэ актыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгийг хэллээ. Эко системийн нөхөн сэргээлт, хамгаалалт, урт хугацааны мониторинг хийхэд 83.0 тэрбум төгрөг шаардагдахаар байгааг ч мөн танилцуулав.
Энэ оны төсөвт оруулсан тодотголоор ус цаг уурын салбарын албан хаагчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлснийг Ерөнхий сайд сануулж, орон нутагт ажиллаж байгаа 1065 техникч, ажиглагчийн бодогдсон дундаж цалин энэ сарын нэгний өдрөөс 3.2 сая төгрөг болсныг танилцуулж, ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнээс дахин 10.0 хувиар нэмснээр 3.5 сая төгрөгт хүрнэ гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.