Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Дэлхийн эмэгтэйчүүд энх тайвны соёл нийгэмлэг” ТББ хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд энх тайвны боловсрол, хүний эрх, харилцан хүндлэл, ялгаатай байдлыг ойлгох ухамсрыг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажил, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид чиглэсэн гэр бүлийн боловсрол олгох сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм. Түүнчлэн зөвлөмж, арга зүйгээр хангах, үлгэр жишээ үйл ажиллагаа бүхий эцэг эхийн зөвлөлийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.
“Дэлхийн эмэгтэйчүүд энх тайвны соёл нийгэмлэг” нь эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоогоор дамжуулан энх тайвны соёлыг түгээх, хүүхэд залуучуудыг энх тайвны үзэл санаагаар хүмүүжүүлэх, амар амгалан нийгмийг цогцлоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тухайлбал, жил бүр “Энх тайвантай нөхөрлөе” сэдэвт олон улсын хүүхдийн гар зургийн уралдааныг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран зохион байгуулж, хүүхэд багачуудад энх тайвны үнэ цэнийг ойлгуулах ажил өрнүүлдэг.
Мөн эмэгтэйчүүдээр дамжуулан эрүүл, аюулгүй нийгэм бүтээх зорилгоор аймаг, сумдын эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, уулзалтад оролцож, орон нутгийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэмждэг.
Улс төр, шашин шүтлэг, яс үндэс үл харгалзан энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гэх мэт үйл ажиллагаа явуулдаг байна.