Маршал Ю.Цэдэнбалын цээж баримлыг амьд сэрүүн байх үед нь босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-23 23:52:46

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдаад 83 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд түүхэн хүмүүс болон түүхэн үйл явдалд зориулан босгосон хөшөө баримлууд цөөнгүй байна. Түүнчлэн сүүлийн жилүүд бараг сум бүрт тухайн сумын онцлог, давуу тал хийгээд түүхэн хүмүүст зориулсан хөшөө баримлууд шинээр сүндэрлэх болсон. Гэхдээ энд аль болох эртний хөшөө баримлуудын тухай өгүүлэхийг зорилоо.
1. БНМАУ-ын Баатар, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөө цогцолбор.
Ю.Цэдэнбал даргын хөшөө цогцолбор, нэрэмжит талбайг шинэчлэх зураг төслийн уралдааныг 2009 онд Увс аймгийн ЗДТГ-аас улс орон даяар зарлаж, уралдаанд олон тооны төсөл ирснээс Улаанбаатар хотын “BALDANS” ХХК-ийн төсөл шалгарсан юм. Хөшөөний загварыг уран барималч Л.Ганхуяг бүтээсэн бөгөөд Ю.Цэдэнбал даргыг ширээ түшин зогсож буйгаар урлаж, хөшөө, талбайн орчинд нь усан оргилуур бүхий гантигаар бүрсэн тохижилттой хийжээ. Хөшөөний нээлтийг Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 2010 оны 9-р сарын 17-ны өдөр хийсэн юм. Увсчууд томоохон ойн үеэр уг хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, хол ойроос ирсэн зочин гийчид ч зураг хөргөө татуулдаг, хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг болсон билээ.

2. БНМАУ-ын Баатар, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын цээж баримал хөшөө одоогоос 42 жилийн өмнө түүнийг амьд сэрүүн байх үед нь босгосон байдаг .

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын цээж баримал хөшөөг түүний 60 насны ойд зориулж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын урд талд байрлуулж 1976 оны 9 сарын 16-ны өдөр нээлтийг хийсэн бөгөөд энэ хөшөө нь хүрэл цутгамал юм.  Урлагийн гавъяат зүтгэлтэн уран барималч Х.Доржпаламын бүтээсэн цээж баримлыг 2010 онд түүний төрсөн нутаг Давст суманд шилжүүлэн байршуулсан юм.
3. БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны хөшөө.


БНМАУ-ын баатар Б.Гиваан нь 1926 онд Увс аймгийн Өлгий сумын нутагт төрсөн. 1948 оны 7-р сарын 8-нд Байтаг богдын орчмоор БНМАУ-ын дархан хилийг зөрчсөн 170 гаруй дайсантай эрэлхэгээр тулалдсан 10 хилчний нэг Гиваан байв. Ийнхүү тэрбээр эх орныхоо сөөм газрын төлөө эрэлхэгээр тулалдан 22 насандаа алтан амиа өргөж, ард түмэн зэвсэгт хүчний түүхэнд мөнхрөн үлдсэн юм. Б.Гивааны хөшөө Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрладаг. Уг хөшөөг Хилийн цэргийн 40 жилийн ойгоор буюу 1973 онд Улаангом хотын төв талбайд босгожээ. Хөшөө байрлах энэ талбайг ард олон Гиваан баатрын талбай хэмээн өргөмжлөн дууддаг.
4. БНМАУ-ын баатар Түүвэйн Дүүдэйн хөшөө.

БНМАУ-ын баатар Түүвэйн Дүүдэй нь 1921 онд Зүүнговь сумын нутагт төрсөн. Тэрбээр 42 жил улсад ажилласны 26 жилд нь ардын армид алба хаажээ. Т.Дүүдэйд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1985 оны 194-р зарлигаар 1945 оны чөлөөлөх дайнд хариуцсан салаагаа зөв зохион байгуулан гарамгай удирдаж, эрэлхэгээр тэмцэж явсан тул “Улсын баатар” цол олгожээ. БНМАУ-ын баатар Т.Дүүдэйгийн хөшөөг 2005 онд нутгийн ард иргэдийн санаачлагаар бүтээж, төрсөн нутаг болох Зүүнговь суманд босгож мөнхжүүлсэн байна.
5. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмөнхийн хөшөө.


Нам төрийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнхийн дурсгалд зориулсан хөшөө Хяргас сумын төв талбайд байрлаж байна. Энэхүү хөшөөг Ж.Батмөнх сангийн санаачилгаар 2009 оны 6 сарын 15-ны өдөр босгосон байна.
6. “Ээж шүтээн” хөшөө цогцолбор.


Увс аймгийн төвийн урд орших Чандмань Улаан уулнаа сүндэрлэн боссон “Ээж шүтээн” хөшөө цогцолборыг 2017 оны 12-р сарын 19-ний өдөр босгосон юм. Энэхүү хөшөөг Улаангом сумын ИТХ-ын санаачлагаар уран барималч Ө.Хүдрээ, Ө.Батсайхан, Б.Батнасан нар хамтран урласан байна.
7. “Фронт Бадамын” дурсгалд зориулсан хөшөө.


Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армид бэлэн мөнгө 10,000 төгрөг, атан тэмээ 16, агт морь 96, хонь 1600 толгой болон олон зуун нэхийний хамтаар бэлэглэж олноо “Фронт Бадам” хэмээн алдаршсан Монгол Улсын сайн малчин Энгэлийн Бадамын хөшөө. Улаан армид оруулсан түүний сэтгэл зүрхний тусийг мөнхлөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Наранбулаг сумын ард иргэд, ач зээ, төрөл төрөгсдийн хандиваар гэрэлт хөшөөг нь бүтээж, Наранбулаг сумын төвд 2009 оны 3-р сарын 8-ны өдөр босгосон байна.
8. Хорьдугаар зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө.


Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, Зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолборыг Увс аймгийн төв Улаангом хотноо Спортын төв ордны өмнө 2015 оны 7 сард буюу Увс аймгийн 90 жилийн ойгоор босгосон. Уг хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат, залуу уран барималч Б.Говьсайхан урласан байна. Хөшөөний суурь нь бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд эргэн тойронд нь арслан, заан, хангарьд гэсэн хүчтэнүүдийг бэлгэдсэн баримал бий.
9. Мөнх найрамдлын хөшөө.


Аймгийн төв болох Улаангом сумын баруун хойт талд байрлах хадтай жижиг бор толгой дээр Монгол зөвлөлтийн ард түмний бат найрамдлыг бэлэгдэж босгосон Мөнхнайрамдлын хөшөө цогцолбор бий. Энэхүү хөшөө цогцолборыг 1967 онд Дашзэвэгийн зураг төслөөр Да.Аюуш гэдэг хүн барьж босгосон байна. Уг хөшөө цогцолборыг 2015 онд болсон Увс аймгийн 90 жилийн ойн үеэр сэргээн засварласан юм.
10. Эмнэг сургаж буй эрийн хөшөө.


Эмнэг чихдэж сургаж байгаа хүний хөшөө анх Хархираа зочид буудлын урд талд байрлаж байсан. 1960 оны дундуур уран барималч, Давст сумын харьяат Чоглом урласан бөгөөд одоо Бэлбулаг дэлгүүрийн урд тал байрлаж байна. Уг хөшөөг 2015 онд болсон Увс аймгийн 90 жилийн ойгоор сэргээн засварласан юм.
11. Аргалийн хөшөө.


1970-аад оны дундуур уран барималч, Давст сумын харьяат Чоглом урласан Аргалийн хөшөө. Уг хөшөө нь 10 жилийн 4-р сургуулийн цэцэрлэгт буюу 4-р багийн нутаг дэвсгэрт байрлаж байсан юм. 2015 онд Увс аймгийн 90 жилийн ойгоор сэргээн засварлаж, хот хоорондын зорчигч тээвэрлэдэг автовокзалын хажуугийн аюулгүйн тойрог дотор шилжүүлэн байрлуулсан байна.
12. Давст суманд байрлах Бор нурганы хүн хөшөө.


Увс аймгийн Давст сумаас 3 км газарт оршдог түүхийн дурсгалт газар. Бор нурганы хоёр хүн хөшөөг элсэн чулуу гэмээр улаан бор өнгийн чулуугаар үйлдэж, хооронд нь 20 орчим см-ийн зайтай зүүн урагшаа харуулан зоосон. Эргэн тойронд өөр ямар нэгэн онцлох тэмдэггүй. Хөшөөний хүн дүрс нь зогсоо байдалтай. Нэг хүн хөшөө нь хөлөө хавсарсан, гар нь урдаа авсан боловч юм бариагүй, нүүрний төрхийг төвгөр хийж тодорхой урласан. Ар талаас нь ажвал үсээ задгай тавьсан эмэгтэй хүний шинж байдлыг агуулсан хүн чулуу гэмээр. Гэвч тийм ч тодорхой бус байна. Хоёрдугаар хүн хөшөөний их биений хэсгийг зураасаар гаргасан, таван хэсэг хагарч унасан байдалтай дурсгал юм.
13. Баруунтуруун сумаас төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын хөшөө цогцолбор.
Монгол Улсад атар газар эзэмшсэний 50 жил, Увс аймгийн Баруунтуруун сум байгуулагдсаны 50 жилийн ойгоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сундуйжав, С.Эрдэнэ, Д.Батсуурь, Д.Цэрэн нар болон Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, партизан Ж.Цэдэндамба тавын цээж баримал хөшөөг босгож, Улсын ургацын аваргын цом, алдартнуудын нэрстэй дурсгалын самбар бүхий хөшөө дурсгалын цогцолборыг байгуулсан байдаг юм.
14. Увс нууранд зориулсан хөшөө.
Увс нуур нь Монгол орны хамгийн том нуур бөгөөд Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 м2 талбай эзэлнэ. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Увс нуурын дархан цаазат газар нь 1997 оны 12-р сард ЮНЕСКО-гийн шийдвэрээр дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээ, 2003 онд Дэлхийн байгалийн өв, 2004 онд Рамсарын конвенцид бүртгэгдсэн. 
Увс нуурын талбайн дүрс бүхий энэхүү хөшөөг 2010 онд бүтээж, Увс нуурын хөвөөнд байрлах байгаль хамгаалагчийн постны дэргэд байршуулсан байдаг. 
15 Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулан Богд хааны бүтээлгэсэн хөшөө


Уг хөшөөний суурин дээр "Их Монгол Улсын Нарангэрэлт Түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Сайд чин сүжигт, чин ван лам Цэрэнчимэд болбаас нас бие бага цагаас элдэв хэрэгт чармайн зүтгэж явсаар тулгар төр байгуулахад онц зүтгэсэн их гавьяат шударга сайд бөгөөд эзэн ба улсын төлөө хязгаарын албанаа зүтгэн амь биеийг умартаж явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий. Миний дотор их л энэрэн үзэж нэхэж өргөмжлөн үнэн бишрэлт цол нэмэн сайшааж, гэрэлт хөшөө чулуу сийлж гавьяат сайдад их журмыг илэрхийлтүгэй. Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны таван сарын хорин" гэжээ. Уг хөшөө нь Увс аймгийн Хяргас суманд бий.
16. "Ариун үйлстэн"-ий хөшөө.

Монгол малчдын төлөө бие сэтгэлээ зориулж, хүмүүнлэг сайхан үйлс бүтээж яваад 2001 оны 1-р сарын 14-нд онгоцны осолд өртөж, алтан амиа алдсан олон орны талийгаачдын гэгээн дурсгалд зориулан 2,6 метр өндөртэй гэрэлт хөшөөг Малчин сумын Баянхайрхан уулын энгэр дэх Хайргай зуухын зүүн урд дэнж дээр босгосон байдаг юм.  

Б.Батхүү

Связанные новости