УВС: Үзэсгэлэн худалдаагаар 85 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-21 16:02:01

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаангом суманд болсон “Миний Монгол - Увс түншлэл 2025” үзэсгэлэн худалдаанд 18 сумын 91 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 85 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

 

Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог нь Увс аймагт шинээр байгуулсан гутлын, оймсны үйлдвэрүүд орон нутгийн иргэдэд бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулалт хийсэн юм. Мөн орон нутгийн суулгац үржүүлэгчид төрөл бүрийн модны тарьц, суулгац худалджээ.

 

Үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэл эрхлэгчдээс шилдгүүдийг тодруулж шагнаж урамшууллаа. Тухайлбал, оролцоо сайтай сумаар Малчин сум шалгарсан бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч” цомыг Улаангом сумын иргэн Н.Сайнжаргал “Монгол гутал”-аараа хүртлээ.

 

Энэчлэн 13 нэр төрлөөр бүтээгдэхүүний шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулсан юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа оролцоо ихтэй, борлуулалт сайтай байлаа хэмээн зохион байгуулагч аймгийн ХХААГ-аас онцоллоо. 


"Увс аймгийн ХХҮГ-ын "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-т энэ жил хамрагдаж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авснаар аймаг орон нутагтаа "Юу Би Си" брэндийн загвар сайтай, даавуун оймсыг төрөл бүрээр үйлдвэрлэж эхлээд байна. Энэ намрын үзэсгэлэн худалдаанд анх удаагаа оролцож, борлуулалт сайн байлаа. Увс аймгийн түүхт 100 жилийн ойгоор оймсны үйлдвэр байгуулж, нутгийн иргэдээ дулаан оймсоор хангаж байгаадаа баяртай байна" хэмээн Улаангом сумын 4-р багийн иргэн Ц.Золзаяа ярилаа. 


Связанные новости