Монголын циркийн шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын Циркчид Олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан, тоглолтод өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчдээ өчигдөр шалгаруулж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин жил болж өнгөрчээ.
2015 оны Монголын Циркийн Шилдэг акробат үсрэлтийн төрөлд Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид, Тэнцвэрийн төрөлд жүжигчин Б.Энхтайван, Шилдэг агаарын гимнастикийн төрөлд жүжигчин М.Мөнхтуул, М.Мөнхтулга, Жонглёрын төрөлд жүжигчин Э.Балдандорж, Б.Шинэбаяр, Алиалагчийн төрөлд жүжигчин А.Энхтөр, Уран нугаралтын төрөлд Б.Түвшинжаргал, Ч.Лхагвасүрэн, Б.Батдулам, Өсөх ирээдүйтэй залуу жүжигчинд Вучаан Олон улсын Циркийн наадмын мөнгөн цомын эзэн жүжигчин Л.Тэлмэн, Шилдэг эрэгтэй жүжигчинд Вучаан ОУ-ын Циркийн наадмын мөнгөн цомын эзэн Б.Золбаяр, Шилдэг эмэгтэй жүжигчинд М.Мөнхтуул, Уран бүтээлийн хамтлагаар Идол ОУ-ын Циркийн наадмын мөнгөн цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус шалгарлаа.
Мөн өдөр циркийн салбарт олон жил ажилласан тэргүүний ажилтан уран бүтээлч Ө.Лхагвабаатар, Б.Наранбаяр, А.Гансүх нарт Засгийн газрын шагнал СТА ажилтан цол тэмдгийг гардуулав.
Монголын Үндэсний цирк энэ жил циркийн алтан манежнаа олон улсын чанартай тэмцээнээс эхлээд нийтдээ 70 гаруй циркийн тоглолт үзэгчдийн хүртээл болгожээ.
Ж.Болор